Эквадор улс Ассанж болон Их Британийн эрх баригчид хооронд зуучлагч хийхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-24 11:33:54
КИТО. /ТАСС/. Их Британийн нийслэл Лондон хот дахь Элчин сайдын яаманд нь /ЭСЯ/ орогнож байгаа асуудлаар нь Эквадорын эрх баригчид “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн өмнөөс Их Британийн Засгийн газарт хандах бодолгүй байна. Энэ тухай Эквадорын Гадаад хэргийн сайд Хосе Валенсия “Reuters” агентлагт мягмар гарагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Ассанжийн цаашид авах алхамуудад Эквадор улс хариуцлага хүлээхгүй. Бид ноён Ассанжийн өмгөөлөгч биш бөгөөд Их Британийн Засгийн газрын төлөөлөгч ч биш. Энэ асуудлыг Ассанж болон Их Британийн эрх баригчид шийдэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүний хэлснээр, Эквадор улсын биелүүлэх ёстой цорын ганц үүрэг бол Ассанжийн эрүүл мэндэд санаа тавих юм.

Ассанж өөрийнх нь үндсэн эрх, эрх чөлөөг зөрчиж байна гэж Эквадорын Засгийн газрыг шүүхэд өгсөн нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон байна. Лондон хот дахь Эквадорын ЭСЯ-нд байх хугацаанд нь Ассанжид тавьсан хязгаарлалтыг хууль бус гэж “WikiLeaks”-ийг үндэслэгч үзэж байгаа аж.

Энэ оны гуравдугаар сард Эквадорын эрх баригчид Ассанжийг интернэтэд орох, утсаар ярихыг хориглосон байна. Ассанж улс төрийн шинжтэй мэдэгдэл хийсээр байсан тул ийм арга хэмжээ авсан гэж тус улсын эрх баригчид тайлбарлажээ.

“Wikileaks” цахим хуудас нь АНУ-ын Пентагон, Төрийн Департамент болон төрийн бусад байгууллагын хэдэн зуун мянган нууц материалыг олон нийтэд дэлгэснийхээ дараа алдартай болсон юм.

Тус цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж Шведийн талд шилжүүлэн өгөхөөс зайлсхийхийн тулд 2012 оны зургадугаар сард Эквадорын ЭСЯ-нд орогнох эрх хүссэн билээ.
Холбоотой мэдээ