Булган аймагт ургац хураалт дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-26 10:10:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт үр тарианы ургац хураалт 92,9 хувьтай байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж  ахуйн газрын дарга Ч.Амгалан:

- Ургац хураалтын дүнгээс үзэхэд энэ жил 38,7 мянган га талбайгаас дундажаар 14,0 центнер буюу 50,1 мянган тонн ургац хурааж аваад байна. Энэ жил намар урт боллоо. Зун бороо элбэг байснаас үр тарианы болц оройтох, чийг ихтэй байх, цасанд даруулах зэрэг бэрхшээл учирсан. Үүнээс шалтгаалаад ургац хураалт оройтлоо. Ургац хураалт, малчид намаржаандаа буух цагтай давхцан мал тариан талбайд орж, малчид, тариаланчдын хооронд маргаан гарах болсон. Үүнийг аймгийн ургацын комисс тухай бүр нь зохицуулах арга хэмжээг яаралтай зохион байгуулж ажиллалаа.

Үр тарианы хувьд ургац хураалтын урьдчилан тогтоосон балансын хэмжээнд ургац авлаа. Рашаант, Хутаг-Өндөр зэрэг сумын ургац хураалтын дүн мэдээ гүйцэд гараагүй байна гэж ярилаа.

Төмс хүнсний ногооны ургац хураалт дуусч 3915,0 тонн төмс, 1246,0 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

М.Батжаргал    

Холбоотой мэдээ