Сонгуулийн насны 2 сая 4048 иргэний нэрийг хэсгийн хороодод хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-02 13:53:29

Сонгуулийн Ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэл, статистикийн газар /УБСГ/, Иргэний бүртгэлийн газраас /ИБГ/ хамтран 2016 оны Сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуульд заасны дагуу 3 дугаар сарын 1-нээс өмнө нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох болон сонгуулийн хэсэг байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үндэсний аудитын байгууллагаас нам, эвслээс зарцуулах зардлыг 3.4 тэрбум төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг 26 тойрог тус бүрээр тогтоож нийтэд зарлаад байгаа юм.

УБСГ-аас энэ оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 2 сая 4048 сонгуулийн насны иргэний тоог гаргаж, 332 сум, 152 хороонд хүргүүлжээ. Энэ тоог үндэслэн 21 аймаг, 9 дүүрэг, 332 сумын Хурлын тэргүүлэгчид Монгол Улсын хэмжээнд 2091 хэсэг байгуулсан байна. Сонгуулийн насны иргэдийн хувьд гэхдээ энэ тоо нь эцсийн тоо биш бөгөөд шилжилт хөдөлгөөн болон бусад зүйлсийг харгалзан нэрсийн жагсаалт эцэслэж гарах аж.    

Урьдчилсан байдлаар гарсан сонгогчийн нэрсийн жагсаалтыг УБСГ-ын www.burtgel.mn сайтад өчигдрөөс эхлэн байршуулжээ. Сонгогчийн нэрсийн жагсаалтад тухайн хүний овог нэр, регистрын дугаар, нас, хүйс, оршин суугаа хаяг, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх газрын мэдээлэл байх юм.  Тиймээс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгуулийн насны иргэд тус цахим хуудаст регистрын дугаараараа нэвтэрч өөрийн мэдээлэлтэйгээ танилцан, шалгахыг УБСГ-ын дэд дарга Ц.Пүрэвдорж анхааруулав. Учир нь хэрэв мэдээлэл зөрүүтэй байвал санал авах өдрөөс 14 хоногийн өмнө мэдэгдэж, засуулсан  байх ёстой юм. Зөрчил арилгуулах бол харьяа бүртгэл, статистикийн байгууллагадаа хандаж, мэдэгдэн залруулж сонгуульдаа оролцох боломжтой. Мөн 1800-1890 дугаараас зөрчил арилгах заавар мэдээлэл авч болох юм. Энэ жилийн хувьд мөн сонгогчдын ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэрийн жагсаалт зөрүүтэй бол цахимаар мэдээллээ илгээх боломжтой болжээ.

Өмнөх сонгуулиудад сонгогчийн нэрийн жагсаалт давхардсан, нэг регистрын дугаарт хоёр хүн бүртгэгдсэн, хаяг дээр нь танихгүй хүний мэдээлэл орсон зэрэг олон зөрчил гардаг байсан. Харин иргэний шинэчилсэн бүртгэл хийж, сонгогчийн мэдээллийг иргэний био өгөгдөл буюу хурууны хээгээр нь баталгаажуулдаг болсон учир дээрх зөрчил гарах эрсдэл арилсан гэдгийг бүртгэлийн байгууллагын удирдлагууд онцлов.

Иргэний шилжилт хөдөлгөөний хувьд өмнөх зохицуулалтаар буюу санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоох аж. Энэ дагуу 4 сарын 30-наас хойш нэг засаг захиргааны нэгжээс нөгөөд шилжихийг хориглох юм.

Дашрамд дурдахад, 2010 оны хүн ам, орон сууцны тооллогоор хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын 112 мянга  орчим иргэн бий. Үүнээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал өгөхөөр  6233 нь бүртгүүлснээс 4248 нь санал өгчээ. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ