Отрын бүс нутагт 35,0 мянган толгой мал өвөлжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-28 19:30:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг аймаг дундын отрын бүс нутагт энэ өвөл хонин толгойд шилжүүлснээр 35000 толгой мал нутаглуулахаар шийдвэрлэжээ.

- Отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөл хуралдаж, энэ жилийн бэлчээрийн даацыг үндэслэн хонин толгойд шилжүүлснээр 35,0 мянган толгой мал оруулахаар шийдсэн. Тус бүст байнга нутагладаг 20,0 мянган толгой малтай айл өрх бий. Түүнээс гадна 15,0 орчим мянган толгой мал оруулахаар аймгуудад хуваарь хийлээ. Малчид цас, зудын бэрхшээл тулгарсан үед нүүдэллэж ирэх учиртай. Зарим аймгийн малчид түрүүлж ирж байгаа асуудлыг отрын бүс нутгийн захиргаатай хамтран зохицуулах арга хэмжээ авч байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

Тус аймгийн хувьд зуншлага сайн байсан болохоор малчдыг гадагшаа отор нүүдэл хийлгэхгүй, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр аймаг, бүсээс отор нүүдэл оруулахгүй байхаар төлөвлөж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ