Эрүүл мэндийн салбарт тогтвортой, мэргэжлийн удирдлага хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2016-03-02 16:04:40

“Эрүүл Монгол” клубээс өнөөдөр эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийв.

Тус хурлаар, эрүүл мэндийн салбарын сайд, удирдлагын тогтворгүй байдал, мэргэжлийн бус сайд, дарга нарын улс төрийн томилгоо зэргээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн байдлын сөрөг үр дагавар, салбарын хүний нөөцийн бодлого, эмч, эмнэлгийн ажилчдын нийгэмд эзлэх  байр суурь буурсан зэрэг асуудлыг хөндөв.

Клубын тэргүүн Х.Бат-Ирээдүй “Эрүүл мэндийн салбар 2014 оноос одоог хүртэл мэргэжлийн бус салбарын сайд, тогтсон удирдлагагүй, тогтворгүй байдалд байсаар ирлээ.Эрүүл мэндийн салбарт салбарын бодлого биш, мэргэжлийн бус сайдын бодлого хэмээх нэр томьёо хэрэгжих болсныг бид эсэргүүцэж байгаа юм. Учир нь мэргэжлийн бус сайдын жил хүрэхгүй, дээд талдаа 2-3 жилийн настай бодлого эргэлдэж байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарын санхүүжилт 85 хувь нь эмчилгээ үйлчилгээнд зарцуулагддаг бол дөнгөж таван хувь нь нийгмийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлд тусгагдсан.Энэ нь иргэдийг өвчлөхөөс сэргийлэхэд бус өвдсөн хойно нь эмчилье гэсэн утгатай ойлгогдож байна. Түүнчлэн энэ салбарыг авч явах шинэ залуу үеийг бэлтгэж, ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөллийг зангидсан баг бүрдүүлэх хэрэгтэй” гэв.

Тиймээс тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс танхимаа хурдан бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг чадвартай, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулахыг хүсч байгаагаа илэрхийллээ.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ