Цагаачдын өөр нэг цуваа АНУ-ыг чиглэн хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-29 16:22:11

МЕХИКО. /RIA Novostu/. АНУ-ын хил рүү цагаачдын өөр нэг цуваа ням гарагт хөдөлсөн нь Сальвадорын дүрвэгсэд аж.


Prensa Grafica” цахим хуудсанд мэдээлж буйгаар, 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй цуваа нийслэл хотоосоо эхлээд Гватемаль улстай залгаа хил орчимд оршдог Ла-Ачадура хот хүрснийхээ дараа Мексикт очиж АНУ-ыг зорихоор төлөвлөжээ. Сальвадорын цагаачид Төв Америкийн тус улс дахь хүчирхийллээс зугтаж, сайн сайхан амьдрахыг хүсч буй учир ийнхүү дүрвэж байгаа аж.

 

Одоогоор АНУ-ыг зорьсон Гондурасын цагаачдын цуваа Мексикийн нутаг дэвсгэрт явж байгаа юм. Мексикийн эрх баригчдын хамгийн сүүлийн мэдээллээр, уг цуваанд 3600 гаруй хүн явж байгаа аж. Үүнээс гадна, 1075 цагаач Мексикт түр оршин суух хүсэлт гаргасан байна. Цагаачдын заримыг нь Гватемаль, Мексикийн хил дээр зогсоожээ.


АНУ-ын өмнөд хилийг чиглэсэн цагаачдын цуваанд гэмт хэрэгтнүүд, Ойрхи Дорнодын үл бүтэх оршин суугчид явж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп урьд нь мэдээлсэн байна. Тэрбээр хилийнхэн болон цэргийнхэнд энэ нь үндэсний хэмжээний онцгой байдал болохыг анхааруулжээ. Цагаачдын дунд террористууд эсвэл гэмт бүлэглэлүүдийн гишүүд байгаа гэх мэдээллийг Мексикийн Үндэсний аюулгүй байдлын газрын төлөөлөгч Ренато Салес Эредия няцаасан байна.

Холбоотой мэдээ