Ногооны өртгийн сүлжээг сайжруулах ажил хамтран хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-05 11:31:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ нь ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөртэй 2014 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд олон чухал ажил арга хэмжээнүүд зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байгаа юм.  

Үүний нэг алхам болсон ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрөөс олгож байгаа 30.000 еврогийн буцалтгүй тусламжийн гэрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нар энэ сарын 30-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү хөрөнгө Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжиж, чадавхийг сайжруулах зорилготой хийгдэж байгаа буцалтгүй хөрөнгө оруулалт аж. ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт хэлэхдээ Бид нэгдсэн сантай байдаг. Энэ сангийн тусламжтайгаар аялал жуулчлалын компаниуд өөрсдийнхөө чадавхийг бэхжүүлж сайжруулалт хийх учиртай юм. Хамгийн гол зүйл нь компаниуд ч бас 50 хүртэлх хувийн хөрөнгийг өөрсдөө гаргана. Бид дангаараа хөрөнгө мөнгө гаргаж байгаа юм биш ээ. Тиймээс хоёр талын хамтын ажиллагаа энд хамгаас чухал. Эхний жишээ гэхэд бид нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын хүрээнд эко нойлыг авч өгсөн. Энэ нойлыг авахад нутгийн нөхөрлөл өөрсдөө 50 хувийн хөрөнгөө гаргасан байгаа. Ер нь аялал жуулчлал бол өөрөө бизнес. Иймээс энэ бизнесийг хийж байгаа хүн өөрийн чадавхитай, өөрийн хөрөнгөтэй байх ёстой. Тиймээс ч тодорхой хувийг гаргаж хамтарч ажиллах болно гэв. Энэ өдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ГОУХАН-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал хатагтай Карин Райнпрехт нар Сэлэнгэ аймагт цаашид аялал жуулчлалын зэрэгцээ хөдөө аж ахуй тэр дундаа жимс, ногооны өртгийн сүлжээг сайжруулах ажлыг хийхээр харилцан тохиролцсон байна. Энэхүү ажлын хүрээнд намар ургац хураалтаас эхлээд хадгалж хамгаалах, боловсруулах, борлуулалт хийх үе шатуудад дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгчдэд эко шинэ бүтээгэдхүүнийг хүргэх үйлсэд нь хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.  

Холбоотой мэдээ