Г.Хүрэлчулуун: Мөсөн чихэр эерэг орчинд илүү сайн ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-10-31 17:08:54

Булган /МОНЦАМЭ/ Брендийн мөрөөр бидэрч Булганы мөсөн чихрийг сураглалаа. Энэ жил тэмдэглэсэн Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор “Булганы мөсөн чихэр” гэсэн алдартай бүтээгдэхүүн харагдаагүй юм.

            Мөсөн чихэр үйлдвэрлэдэг “Шинэ тэнгис” ХХК-ий захирал Гүржавын Хүрэлчулуунтэй уулзаж ярилцлаа.

            - Мөсөн чихэр яагаад манай аймагт “нутагшсан” юм бол?

            - Мөсөн чихрийг Булган аймагт л хийдэг гэдгийг бараг хүн бүр мэдэх байх. Хөвсгөлийн “Сармай дээлт” гэдэг шиг аймгийн бренд бүтээгдэхүүн байлаа. Аймаг бүрт хүнсний үйлдвэр байсан.

Манай аймгийн хүнсний үйлдвэрт 18 аймгаас хүмүүс ирж дадлага хийж, туршлага судалж үзээд нутагтаа очоод мөсөн чихэр хийх гэхээр мөсөн чихэр нь ургадаггүй байсан гэдэг юм билээ.

- Үйлдвэрлэдэг арга нь өвөрмөц юм аа даа. Айргийг ч гэсэн исгэх гээд оролдоход “Булганы айраг” шиг уруул чимчигнүүлсэн, хөх тос хөвсөн айраг сайхан сөгнөж чаддаггүй гэдэг.

- Элсэн чихрийг өндөр темпартурт буцалгаж, нойлын цагаан утас сээтэглэж татаад ямарч хэлбэр гаргасан яг тэр хэлбэрээр дагаж ургадаг. Тэгээд бас их гоё талсттай солонгорч харагдана. Утаснаас дүүжигнээд янз янзын хэлбэр гарч ургадаг.

- Орчин нөхцөл бас нөлөөтэй байдаг болов уу?

- Мөсөн чихэр чимээгүй, тайван амгалан, маш цэвэрхэн орчинд энерги сайтай өөдрөг зүйл бодсон сайхан ааш араншинтай хүн хийвэл их сайн ургадаг юм. Мөсөн чихэр хийж байхад юм унагах ч юмуу, ямар нэгэн  дуу чимээ гарахаар “хөлсчихдөг”.

- Нялх төл шиг юм аа.

- Тийм ээ. Мөсөн чихрийн ургалт нь муудчихдаг гэсэн үг. Мал төллөх үеэр малчид хот хороо руу хүн өнгийлгөх дургүй байдаг шүү дээ.

- Танай компани хэзээнээс мөсөн чихэр үйлдвэрлэсэн бэ?

- Манайх 1990 оноос хойш мөсөн чихрээ сэргээе, өмнө нь байсан брэндээ гаргая гээд анх хийж байсан хүнийг урьж үйлдвэрлэж байсан юм. Тэгээд өөрсдөө  сураад, тэрнээс хойш мөсөн чихрээ тавьсан. Анх хийж байсан хүнийг нь авчраад мөсөн чихрээ маргааш тавина.  Хийх өрөөгөө маш сайн бэлдэж цэвэрлээрэй. Унаж дуу чимээ гаргах зүйлсийг зайлуулж янзлаарай гэхэд нь тухайн үедээ “юун сүртэй юм дээ” гэсэн шүү юм бодож байлаа. Намуухан, тайван, дулаахан орчинд элсэн чихрээ буцалгаад, том том ширмэн тогоонд хийж тавьдаг. Тогоондоо буузны жигнүүр шиг дугуй төмрийг нойлын цагаан утсаар сээтэклэж, торлож уячихаад тэрийгээ буузны жигнүүр шиг давхарлаж тавиад дээрээс нь буцалгасан халуун сиропоо хийгээд сайн хучаад нам гүм 14 хоног байлгахад утсаа дагаад арзайгаад  ургасан байдаг юм билээ.

- Энэ ховор чихрийн талаар судалсан зүйл байдаг уу?

- Анх мөсөн чихрээ хийж эхэлсэнээс хойш мөсөн чихрийн талаар судалсан. Ямар үүх түүх, ач холбогдолтой байдаг юм бол. Мөсөн чихэр элсэн чихрийн л найрлагатай байдаг юм уу. Ургаад мөсөн чихэр болсоныхоо дараа өөр болдог юм болов уу гэж бодоод судалж эхэлсэн.

Өвөг дээдэс маань бүүр дээр үеэсээ гадагшаа жин тээж явахдаа атгын чинээ мөсөн чихэр авчраад түүнийгээ хагалаад нэгээхэн хэсгийг нь бурхандаа залдаг байсан гэдэг. Бурхан тэр мөсөн чихрийг долоож тойрч бүжиглаж баярладаг гэдэг утгаар нь бэлгэшээдэг  байж. Бас ардын уламжлалт тангийн найрлагад оруулдаг байсан тухай мэдээлэл байдаг юм билээ. Заавал мөсөн чихрээр даруулж уух заалттай тан ч байдаг байсан гэдэг юм билээ. Сахарын хортой чанар нь үгүй болсон байдагтай холбоотой байх. Одоогийнхоор бол сахаргүй бүтээгдэхүүн гэдэг шиг л байсан учраас эм тангийн найрлаганд ордог байсан гэдэг бүдэг бадаг зүйл олж мэдсэн.

- Мөсөн чихрийн стандарт гэж байгаа юу?

- Манайх мөсөн чихрийг патенталж хийдэг учраас аймгийнхаа мэргэжлийн хяналтын газартай хамтраад мөсөн чихрийн стандарт гэж гаргуулсан. Зүүн азийн орнуудын эко бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг худалдаанд 2002 онд ороход Хятад, Япончууд маш их сонирхож байсан. Их хэмжээгээр нь гадаадад гаргах тухай яриа хэлэлцээнд хүртэл орж байсан. Мөсөн чихрийг тан даруулж уу гэсэн гээд хүмүүс их сурж ирдэг юм.

- Өнөө цагт сахрын өвчтэй гэсэн хүмүүс их боллоо гэдэг. Тэдгээр хүмүүс хэрэглэдэг үү?

- Энэ цагт сахарын өвчтэй хүн их болсон байна. Мөсөн чихэрт сахарын хортой чанар үгүй болчихдог учраас ийм өвчтэй хүмүүс сахарын хэрэглээгээ болгох боломжтой. Мөсөн чихрийг хийх явцад элсэн чихрээс хүнд хэрэгтэй чанар нь утсаа дагаж ургаад, хэрэггүй зүйлс нь тунаад үлдэж байгаа л гэсэн үг юм билээ.

- Одоо энэ брендээ үйлдвэрлэхэд бэрхшээл юу байна вэ?

- Түүхий эд ховор байна. Дээр үед том ширхэгтэй бор, цагаан элсэн чихэр байдаг байсан. Ийм чихрээр мөсөн чихэр хийхэд ургалт гарц нь их сайн байдаг байсан. Одоо тийм элсэн чихэр байхгүй байна. Нарийхан ширхэгтэй чихэрнээс мөсөн чихэр гоё ургахгүй юм билээ. Том томоороо гарахгүй байна. Гарц багатай, мэлтэлзсэн сироп л үлдээд байна. Зах зээл ч бага учраас ашиггүй байна. Зарлагаа нөхөхгүй байгаа болохоор ихээр үйлдвэрлэх боломжгүй байгаад байна.

Аймгийн баяр ёслол, зуны зуучлалын үед аймгийн брэнд бүтээгдэхүүн байх ёстой гэж үзэж тухайн үед нь бага багаар үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа.

Борлуулалт өндөртэй, хэрэглээ ихтэй байсан бол “Булганы мөсөн чихэр” гээд экспортод гаргахаар үйлдвэрлэж болох л байсан. Харамсалтай нь зах зээл байхгүй, хэрэглээ багатай. Худалдан авагч сонирхож авна уу гэхээс өдөр тутам тавгын идээндээ тавихаар авахгүй.

Бүтээгдэхүүн маань өөрөө маш эмзэг, тайван амгалан орчинд ая дан сонсож байж ургадаг бүтээгдэхүүн. Тавьж байгаа хүн их сэтгэл зүрх зориулсан ч хажууд нь нэг хүн чанга дуугарахад л хөлсөөд чихэр ургахгүй болчихдог. Энэ мэтчилэн олон хүчин зүйл бүтээгдэхүүний гарцанд нөлөөлөөд явчихдаг юм.

Өнөөдөр мөсөн чихэр тавинаа гээд дуртай хүн нь тавьчихгүй. Бүр цаанаасаа энерги, сэтгэл сайтай хүн аргадаж, бараг л амандаа маань тарни хэлж байж хийдэг зүйл. Ямар энергитэй хүн тавьж байна уу гэдгээс их шалтгаалдаг юм билээ. Хүнсний үйлдвэрт ганцхан хүн л тавьдаг байсан. Ийм онцлогтой бүтээгдэхүүн.

- Мөсөн чихрийг өөр өнгө амт оруулаад хийх боломжтой юу?

- Мөсөн чихрийг лемоны амттай ч юмуу, олон өнгөтөй болгоё гээд нэлээд их элсэн чихрээр тоглосон. Янз бүрийн амт оруулж үзэх гээд зөндөө оролдсон. Найрлаганд нь өөр юм орох л юм бол ерөөсөө ургадаггүй юм билээ.

- Мөсөн чихэр өөр өөр өнгөтэй байдаг. Энэ ямар учиртай юм бол.

- Шинэ элсэн чихрээр тавихаар цав цагаан өнгөтөй болдог юм. Хоёр дох нь хүрэн бор өнгөтэй гардаг.

- Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ