Прокурорын газар “ Эрдмийн далай” сургуульд мэдэгдэл хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХичээлээ тараад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан сурагч охиныг дайрч, амь насыг нь хөнөөсөн хэрэг Мандалговь хотод өнгөрөгч долоо хоногт гарсан. Охиныг дайрсан УБӨ 25- 94 улсын дугаартай Истана маркийн автомашины жолоочид аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар аймгийн Прокурорын газар мэдэгдэл гарган, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захиралд хүргүүлжээ.
Уг мэдэгдэлд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг дурьдахдаа, “Тус сургууль хэрэг гарсан замын хэсэгт өдөр бүр эцэг эхийн эргүүл гарган ажиллаж байгаа боловч тухайн эргүүлд гарч буй эцэг эхчүүд замын хөдөлгөөний зохицуулагчийн хөдөлгөөн, дохионы талаар ойлголт, мэдлэг муутай, түүнчлэн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл болон явган зорчигчид анхааруулах, хориглох дохио өгч чадаагүй нь уг хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Мөн сургуулийн зүгээс эцэг, эхийн эргүүлд гарах цаг хугацааг тухайн хүний нас, биеийн онцлогт тохируулдаггүй, тухайлбал хэрэг гардаг өдөр ахмад настныг удаан хугацаагаар буюу 13- 16 цагийн хооронд эргүүлд гаргасан зэрэгтэй холбоотой байна” гэжээ.
Иймд эргүүлийн үүрэг гүйцэтгэх эцэг эхэд урьдчилан гарын авлага, материал өгөх, тэдний нас хүйс, бие, эрүүл мэндийн онцлог зэргийг харгалзаж эргүүлд томилж байх, түүнчлэн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, туслалцааг авах, сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн талаар сургалт сурталчилгаа зохион байгуулж, зам тээврийн осолд хүүхэд дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч, 30 хоногийн дотор хариу ирүүлэхийг сануулжээ.
Тус сургуулийн зэргэлдээх замд хурд сааруулагч, аюулгүйн тэмдэг тэмдэглээ байхгүй. Урьд нь хүүхэд машинд мөргүүлсэн хэрэг нэг бус удаа гарч байсан бөгөөд хурд сааруулагч, тэмдэг тэмдэглээг яаралтай хийж өгөх хүсэлтийг Замын цагдаагийн тасаг болон тухайн үеийн Тээвэр зохицуулалтын газарт 2011, 2012 онд хүргүүлж байжээ.
Эл асуудал шийдэгдэхгүй явсаар ирсэн тул энэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн тус сургууль зэргэлдээх зам дээр эцэг, эхийн эргүүл гаргаж, сурагчдыг зам хөндлөн гарах үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж эхэлсэн байна.
Хэрэг гардаг өдөр эргүүлээр ажиллаж байсан 68 настай эмэгтэй үүргийнхээ дагуу автомашинуудыг зогсоон хүүхдүүдийг зам хөндлөн гаргаж байх үед хурд хэтрүүлсэн Истана маркийн автомашин гарцны өмнө зогсолгүй, охиныг дайрсан байна. Тухайн үед жолооч согтуу байжээ.
Т. Отгонтуяа