Аман хуур үйлдвэрлэж өрхийн орлогоо нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-02 20:55:21

Хөгжмийн зэмсэг урлаж, хилийн чанадад худалдан авагчтай болсон өрхийн үйлдвэрлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд байна. Тус сумын 7 дугаар багийн иргэн Л. Гүенбаатар аман хуур хийдэг бөгөөд үйлдвэрлэл нь тогтворжиж, өрхийн орлого нь нэмэгджээ.

Тэрээр, аман хуур хийж эхэлсэн нь санамсаргүй тохиолдол байсан тухай сонирхуулсан юм. Анх 2009 онд нэгэн бөөгийн хүссэнээр эртний хийцтэй, хэл нь хугарсан аман хуурыг дууриалган хийж өгсөн нь өрхийн үйлдвэрлэлийнх нь эхлэл болсон байна. Бөөд хийж өгсөн шиг аман хуур хийлгэх захиалгыг ОХУ- ын Буриад, Якут улс болон Улаанбаатар хотоос иргэд ирүүлж, түүнээс улбаалан бүтээгдэхүүнээ олноор хийдэг болжээ.

Сард 250 гаруй аман хуур үйлдвэрлэдэг юм байна. Том, жижиг, материалын төрөл, хийц урлалаасаа хамааран нэг аман хуур 10- 450 мянган төгрөгийн үнэтэй. Түүний бүтээгдэхүүн одоо Улаанбаатар хотын Нарантуул худалдааны төв, Гандантэгчилэн хийдийн дэлгүүр, “Эгшиглэн” хөгжмийн дэлгүүрээр худалдаалагддаг байна.

Л. Гүенбаатар “Би урьд нь уул уурхайн компанид ажиллаж байсан. Сард 500 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол одоо 2.5 сая гаруй төгрөгийн орлоготой ажиллаж байна. Манай сумын төвд өнгөрсөн жил ахуй үйлчилгээний төв  ашиглалтад орсон. Тэнд би ажлын байр түрээслэн ажилладаг болсон” гэлээ.

Одоогоор сум хөгжүүлэх сан болон бусад эх үүсвэрээс үйлдвэрлэлдээ зориулж хөнгөлөлттэй зээл аваагүй. Борлуулалтаасаа түүхий эдийн эргэлтийн хөрөнгөө үүсгэжээ. Тэрээр мөн сумандаа 9 хөлт цагаан туг, хүндэтгэлийн хаалга урлаж өгсөн байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ