Д.Дамба-Очир: Нэг тэрбум ам.долларын интервенц хийх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-01 14:32:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.


Мөн үеэр тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь дэмжсэн юм. Тодруулбал “Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх”, “Эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдсан урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэх”, “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” гэдэгт санал нэгдэв.


УИХ-ын гишүүд Оюутолгой компанийн гүйлгээг дотоодын банкуудаар дамжуулах замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг чангатгах, Монголбанкны алдагдлыг бууруулах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байв.


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:


-Он гарсаар ханшийн савлагаа 5 хувийн хэлбэлзэлтэй  явж байна. Ханшийн хэлбэлзэл иргэдийн амьдралд шууд тусдаг учир энд анхаарах нь чухал. Монголбанкны хуулиар Төвбанк нь Засгийн газар болон арилжааны банкинд зээл өгөх үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага. Гэхдээ байдал амаргүй байгаа учраас түр хугацаанд Монголбанкаар Оюутолгой болон бусад байгууллагын мөнгийг оруулж ирэх шаардлага үүсч байгаа. Тиймээс Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Монгол Улс яаралтай батлуулах шаардлагатай нүүр тулж байна.  Энэ онд нийт нэг тэрбум ам.доллараар интервенц хийх төлөв харагдаж байгаа.


Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:


-ГВАН 3,2 тэрбум ам.долларт хүрээд байна. Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондыг хэд хоногийн өмнө гаргасан нь  валютын нөөцийг нэмэгдүүлэх хөшүүрэг боллоо. Төвбанк валютын ханшийг тогтворжуулахад хоёр арга хэрэглэдэг. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх нөгөө нь интервенц хийх аргыг хэрэглэж байна. Мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэх нь бизнес эрхлэгчдэд хүндрэл үүсгэх учир интервенц хийх аргыг сонгосон.  2018 он гарсаар 750 сая ам.долларын интервенц хийлээ. Валютын зохицуулалтын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэж батлагдвал чухал ач холбогдолтой. Гол нь Монгол Улсад орж ирэх мөнгөний урсгал ахиухан байгаасай гэж хүсч байна. Түүнчлэн өчигдрийн ОУВС-гийн зөвлөлийн хуралдаанаар  дунд хугацааны бодлогыг эрчимжүүлэх, төсвийн бодлогоо чангатгах, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд бүх талаар анхаарах, мөнгөний бодлогоо чангатгах, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх ажлаа дуусгахыг зөвлөсөн.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:


-Валютын ханшийг хөөрөгдөөд үндэсний мөнгөн тэмдэгтээ сулруулдаг улс манайхаас өөр байхгүй. Үүнд Монголбанк дүгнэлт хийсэн үү. 1996 онд төгрөг ам.долларын харьцаа 690 орчим төгрөг байсан.  2012 онд засгийн эрх авсан нөхдүүд 1300 төгрөг байсан ханшийг 2300 төгрөгт хүргэсэн. Үүний горыг иргэд үүрч байна. Хоёрдугаарт Монголбанк өмнөх жилүүдэд асар алдагдал хүлээсэн гэж байсан. Энэ алдагдлыг хэрхэн бууруулав.


УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир:


-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монголбанк 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. 2017 онд 400-гаад тэрбум төгрөгийг төлснөөр алдагдал буурч байгаа. Энэ онд энэ хэмжээний  алдагдал буурна.


Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан:


-Гадаад валютын улсын нөөц гэдэг бол зөвхөн Монголбанкны мөнгө биш. Энэ мөнгөний дийлэнх нь Арилжааны банкуудаас Монголбанкинд хадгалуулж буй мөнгө юм. Мөн Засгийн газрын болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн  мөнгө байдаг.  Төвбанк алт худалдаж аваад алтаа цэвэршүүлээд хадгалж байгаа нь Монголбанкны мөнгө юм. Арилжааны банкууд болон Засгийн газрын мөнгөний ханш өсөх юм бол Монголбанкны балансад алдагдал болж буудаг. Тиймээс Монголбанк ханшаа тогтвортой барихын төлөө ажиллаж ирсэн. Ханш өсөх юм бол Төвбанкны алдагдал өсөөд  байна гэсэн үг.


Валютын зохицуулалтын тухай хуульд Оюутолгой болон Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийн гүйлгээг Монголбанканд данс нээж хийхээр тусгажээ. Тиймээс уг хуулийн төсөл батлагдвал валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж өснө гэдгийг албаныхан хэлж байна. Мөн үеэр  Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир ипотекийн зээлийн эргэн төлөлт 98 хувьтай байгааг онцолж 2019 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Байнгын хорооноос Төв банкинд чиглэл өгч, арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгааг дуулгасан юм.

Холбоотой мэдээ