Хуулийн дагуу ажиллахыг сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-04 13:46:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар зогсоогоод байсан манай улсад газрын тос олборлож буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг сэргээгээд байна.

Тус компани нь бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км засмал автозам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан ч аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт газар дээр нь ажиллаж “Петрочайна Дачин Тамсаг” компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өгөв.


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хуулийн дагуу ажиллахыг сануулж, газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй техник технологи ашиглаж, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг стандартын дагуу боловсруулан, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов. Түүний ахалсан Ажлын хэсэгт БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, ЦЕГ болон Дорнод аймгийн Байгаль орчны газар, Усны сав газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллажээ.

 

 

Холбоотой мэдээ