Ховд аймагт ”Монгол дижитал сургууль” төсөл хэрэгжүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-06 15:44:21

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр төслийн нээлтийг хийж, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төслийн нээлт Ховд аймгийн Боловсрол Соёл Урлагийн газар болж, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир болон Сингапурын мэргэжилтнүүд ирж оролцлоо.

Жилдээ 2,0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий "Монгол дижитал сургууль" төслийн үр шимийг Монгол Улсын 300 орчим сургууль, 5000 орчим багш, 100000 орчим хүүхэд багачууд хүртэнэ. Өөрөөр хэлбэл төсөл хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг бүрт хамгийн орчин үеийн шийдэлтэй, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, багш сурагчид хамтран ажиллах, суралцах, хөгжих, боловсрох бүрэн боломжтой иж бүрэн тусгай кабинет тохижуулж өгөх юм.

БСШУСЯ-аас сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуулыг хийж ажилласны үр дүнд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапурын "Allin Technologies Pte Ltd" компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцож, төслийн гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсан байна.
Тус төслийг Монгол орны 21 аймгаас анхлан Ховд аймагт хэрэгжүүлэхээр сонгоод байна.

 

Холбоотой мэдээ