Эрдэнэдалай сум өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-03-03 20:50:40

Өнөөдөр үдээс хойш Эрдэнэдалай сумын Засаг дарга захирамж гаргаж, оройны 18 цаг 40 минутаас маргаашийг дуустал сумын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.

Өнөө шөнөөс эхлэн маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, салхи секундэд 18- 20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэйг УЦУОШГ- аас мэдээлж байгаа юм. Цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүйг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээтэй холбогдуулан Эрдэнэдалай сум ийнхүү өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Энэ хугацаанд автомашины хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж ажиллах бөгөөд Онцгой байдлын штабын бие бүрэлдэхүүнийг бэлэн байхыг үүрэг болгожээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээтэй холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар ч олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Цаг агаарын аюулт үзэгдэл болж болзошгүй өдрүүдэд холын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, дулаан хувцас, цас ухах багаж хэрэгсэл базааж явахыг сануулж байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ