ТТАХНЭ-ийн алба хаагчдыг шагнаж урамшуулав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-11-14 11:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийн 85 жилийн ойн хүрээнд ЦЕГ-аас эмнэлгийн алба хаагчдыг шагнаж урамшуулан шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав.

“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Амбулаторийн эрхлэгч, хошууч Д.Ганчимэг нарыг шагнасан бол дүрс оношилгооны их эмч, хошууч Л.Буянтогтох, Эмнэлзүйн лабораторийн их эмч, ахмад Н.Түвшинжаргал нарыг “Хүндэт жуух бичиг”-ээр шагнасныг ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч С.Баатаржав гардуулан өгөв.

Түүнчлэн эмнэлэгт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дээжний хөргөгч зэрэг тоног төхөөрөмжийг бэлэглэж, "Эрүүл цагдаа" хөтөлбөрийн хүрээнд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үзлэг, оношлогоог идэвхжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмолжуулах тухай болон цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.


Холбоотой мэдээ