Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-14 16:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 05 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 Эл хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй саналыг холбогдох заалтад тусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төслийг танилцууллаа.  Хуулийн төслийн талаар асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав.

Хуулийн төслийн 3 дугаар зүйл. Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, 7 дугаар зүйлийг 7.1.8 дахь заалтын “мал, амьтны гоц халдварт өвчин (цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх)” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин” гэж тус тус өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо  гэжУИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Холбоотой мэдээ