“Toyota” болон “Mazda” компани АНУ-д хамтарсан үйлдвэр байгуулна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2018-11-17 11:58:03

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” болон Mazda” компани АНУ-ын Алабама муж улсад 1.6 тэрбум ам.долларын өртөг бүхий хамтарсан үйлдвэр байгуулахаар болсон тухай “Kyodo” агентлаг бямба гарагт мэдээлэв.


2021 оноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх уг үйлдвэр нь дөрвөн мянган хүний ажлын байр шинээр бий болгох бөгөөд жилд 300 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ.


Toyota” компанийн хувьд АНУ дахь шинэ үйлдвэртээ “Corolla” загварын автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол “Mazda” компани Хойд Америкийн хэрэглэгчдэдээ зориулсан шинэ загварыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна гэж компанийн мэдээнд тэмдэглэжээ.


Тус хоёр компани цахилгаан автомашины үйлдвэрлэл болон өөр бусад салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа тухайгаа өнгөрсөн оны наймдугаар сард олон нийтэд мэдээлсэн юм.


Алабама муж улс нь АНУ-ын автомашин болон ачааны тэрэг үйлдвэрлэлийн тав дахь том төлөөлөгч бөгөөд энэ салбар нь муж улсын 57 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг ажээ. 

Холбоотой мэдээ