Багш солилцоо хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг сургалтын шинэлэг арга зүй, технологид суралцуулах, мэргэжлийн ур чадварыг нь нэмэгдүүлэх, хамтарч ажиллах боломжийг бүрдүүлэх, харилцан сайн туршлага солилцуулах зорилгоор “Багш солилцооны хөтөлбөр”-ийг Увс аймагт сэргээн хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аймгийн төвийн болон хөдөө сумдын багш нар
ажлын байраа солих замаар ажлын орчин, туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажлыг
зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт
зарим сумд болон аймгийн төвийн ЕБС-иудын монгол хэлний найман
багш “Багш
солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж ажлын байраа сольжээ.
Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний Цогцолбор 1-р
сургуульд ажиллаж
байгаа монгол хэлний багш нар нэгдэж сурагчдын дунд “Тунгаамал”
тэмцээнийг зохион байгуулсан байна.
“Багш солилцооны хөтөлбөр нь багш нарын мэргэжлийн шилдэг туршлага, арга зүй, ур чадвараас харилцан суралцах боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Мөн шилдэг ажил, арга хэмжээ, туршлагыг өөрийн сургуульдаа нэвтрүүлэх, бусдад түгээн дэлгэрүүлэх онцогтой. Тухайлбал, хөдөө сумдын багш нар аймгийн төвийн сургуулийн үйл ажиллагаа, сургалтын аргазүйтэй танилцаж шинэ орчинд хичээлээ заан, ур чадваржих зэрэг давуу талтай бөгөөд энэ долоо хоногт багш солилцоогор ажиллаж байгаа монгол хэлний багш нарын хувьд олон ажлыг бүтээлчээр өрнүүлсэн долоо хоног болж өнгөрлөө” хэмээн Тариалан сумын ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын багш З.Мэндбаяр хэллээ.