Хууль бусаар хил давахыг оролдсон цагаачдыг албадан нутаг буцаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/. АНУ-ын нутаг дэвсгэрт ням гарагт нэвтрэхийг оролдсон Төв Америкийн орнуудын иргэд болох 98 хууль бус цагаачийг Мексикийн эрх баригчид албадан нутаг буцаасан байна. Энэ тухай тус улсын Үндэсний цагаачлалын хүрээлэнгийн /ҮЦХ/ дарга Херардо Бенавенте “Formula” радиод ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ
“Тэд хэдийнээ нутаг буцсан. ҮЦХ-нд яг энэ тохиолдолтой адил хууль дүрэм зөрчсөн гадаадын иргэдийг албадан нутаг буцаах механизм бий” гэж тэрбээр хэлсэн байна. Энд АНУ-тай хил залгаа бүсэд болсон эмх замбараагүй байдалд оролцсон цагаачдын тухай яригдаж байгаа аж.
Мексикийн эрх баригчдын тооцоолсноор, Тихуана хотод буй цагаачдаас 500 орчим нь хөрш улсад нэвтрэхийг оролджээ. Хууль бусаар хил давахыг оролдож, эмх замбараагүй байдал үүсгэсэн цагаачдыг албадан нутаг буцаана гэж Мексикийн Дотоод хэргийн сайд Альфонсо Наваррете Прида ням гарагт мэдэгдсэн байна.
Албан ёсны мэдээллээс үзвэл, Мексикийн Доод Калифорни мужийн Мехикали болон Тихуана хотод Төв Америкийн орнуудаас ирсэн 7041 цагаач байна.
Цагаачид олноороо ирсэнд дургүйцсэн Тихуана хотын оршин суугчид 11 дүгээр сарын 18-нд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан билээ.