НҮБ: Өдөрт 100 гаруй эмэгтэй танилынхаа гарт амиа алдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /abcnews/. 2017 онд бусдын гарт амиа алдсан нийт
87 мянга орчим эмэгтэйн бараг талаас илүү хувь нь дотны танил эсвэл гэр бүлийн гишүүнийхээ
гарт амиа алдсан байна гэж НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан
газрын тайланд дурджээ.
“Ойр дотны танил хэн нэгнийхээ гарт 50 мянга орчим эмэгтэй амиа алдсан байна” гэж уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Энэ нь өдөрт 137 эмэгтэй
танилынхаа гарт амиа алдаж байна гэсэн үг юм.
“Үүний зэрэгцээ бусдын гарт амиа алдаж буй эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн
дийлэнх хувь нь хүйсийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, сөрөг хэвшмэл ойлголт
гэх шалтгааны улмаас амиа алдаж байна” гэж Мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал
хариуцсан газрын тэргүүн Юрий Федотов мэдэгджээ.
Энэхүү тайланг "Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр"-ийг тохиолдуулан олон нийтэд танилцуулсан байна. Африк болон Америк тивийн эмэгтэйчүүд танилынхаа гарт амиа алдах магадлал бусад орны бүсгүйчүүдийг бодвол илүү өндөр байгааг уг тайланд дурджээ.
Эмэгтэйчүүд бусдын гарт амиа алдах тоон магадлал дэлхийн
хэмжээнд 100 мянгад 1.3 байгаа бол Африкт 3.1, Америкт 1.6, Азид 0.9, Европт
хамгийн бага буюу 100 мянгад 0.7 байна.