Буруу зан үйл, хандлагыг өөрчлөхөд анхаарч байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2018-11-29 09:25:34
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Оюуны гэгээ нийгэмлэг” Төрийн бус байгууллагаас аймгийн ИТХ, Цагдаагийн хэлтэстэй гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр 10 дугаар сараас эхлэн “Зөрчлийн тухай” хуулиар эрхээ хасуулсан буюу түр баривчлагдсан иргэдэд зан үйл, хандлагыг өөрчлөх сургалтууд зохион байгуулж байна.

Нэг удаагийн сургалтаар 3-4 хүнд гурван өдрийн буюу 24 цагийн хичээлээр харилцааны чадварыг дээшлүүлэх, өөртөө итгэлтэй хүн болгох, гэр бүлийн сэтгэл зүйг сайжруулах зэрэг мэдлэг олгож, сэтгэл зүйд эерэгээр нөлөөлөхийг зорьдог ажээ. Одоогийн байдлаар таван удаагийн сургалт болж 20 гаруй хүн хамрагдаад байна. Энэ хугацаанд сургалтанд суугаад хоногоо дуусгаад гарсан хүмүүсээс эргэж нэг л хүн дахин эрхээ хасуулж, сургалтад дахин хамрагдсан байна.

Насанд хүрсэн хүний хандлагыг өөрчлөхөд хамгийн хэцүү, үр дүн гарах нь удаан байдаг хэдий ч тус ТББ-ын багш нар шантралгүй ийнхүү сургалтаа зохион байгуулж байгаагаа ярьж байлаа.

Цагдаагийн хэлтсийн мэдээгээр 2018 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд нийт 259 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36.3 хувиар өссөн байна. Гэмт хэргийн тоогоороо Дэлгэрцогт-136, Сайнцагаан-119, Баянжаргалан-132, Хулд-124 сум дээгүүр орж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ