УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-30 12:18:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан даргалж байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн  Засгийн газрыг огцруулах бичгийг 11 дүгээр сарын 19-нд өргөн барьсан билээ.


Асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Албан тушаалаа урвуулан ашигласан ашиг сонирхлын зөрчилтэй сайд нар, УИХ-ын гишүүдээ чуулганаас  гаргамаар байна. Ингэж байж шударга шийдвэр гарна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хүн элэгнүүд эвдрэлцэж хөндлөнгийн зууш болох вий. Гадна дотны хүмүүсийг баярлуулаад сууж байгаад үнэхээр  харамсаж байна. Засгийн газрын асуудал гадна дотны нөлөөлөл байна уу. Эв дүйгээр хуралдаасай гэж бодож байна.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг Л.Энх-Амгалан гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Тиймээс хуралдааныг Я.Санжмятав гишүүнээр удирдуулъя гэсэн горимын санал тавив.


УИХ-ын гишүүн Л.Болд: АН Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. АН  МАН-ын Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ. Энэ асуудал бол МАН бүхэлдээ хүлээх үүрэг. Нэг зүйлд харамсаж байна. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах үед гишүүдэд маш их дарамт ирж байсан. Бүлэглэлүүд тэмцлээ хийж Н.Алтанхуягийг буулгасан. Гэхдээ ЖДҮ гээд нэр зүүгээд энэ Засгийн газрыг огцруулах ёсгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:“Оффшорын хууль”-ийн тодорхой заалт байхад ашиг сонирхолын зөрчилтэй гишүүд танхимаас гарах нь зүйтэй. Ардчилсан нам улс төрийн шийдвэрээ гаргаад, Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ. Я.Санжмятав гишүүн хуралдаан даргалсан ч ашиг сонирхол үүсэх магадлал өндөр юм.

УИХ-ын гишүүн Л.Болд: Та бүхэн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан. Тэгэхээр танай байгуулсан аль ч Засгийн газар огцрох ёстой. Гэхдээ та нар ЖДҮ-ээр шалтаглаж огцруулах ёсгүй. Өнөөдрийн энэ ЖДҮ -ийн асуудал бол “60 тэрбум”-ыг нотолж байна.  Энэ Засгийн газрыг золионд хаяж ЖДҮ-гийн асуудлаа цэвэрлэх гэж байгаа бол байж болохгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:Дэргэдээ сөрөг хүчинтэйг битгий мартаарай гэж  би өмнө нь захисан. Харамсалтай нь дахиад алдаа гаргалаа. Энэ бол зөвхөн Ардын намын асуудал биш. Бизнес бүлэглэлийн сүлжээ монгол төр ямар муухай  ялзарсаныг харуулж байна. Энэ УИХ-д ашиг сонирхлын зөрчилгүй хүн байгаа юм уу.  Явсаар байгаад ашиг сонирхлын зөрчлөө шийдүүлэхийн тулд гадаадаас хүн авч ирж булай болох нь. У.Хүрэлсүхийн асуудлыг ярьж байна. Энэ хүн бол гишүүн биш. Хаана ямар ашиг сонирхол гаргаж, хэнийг хөөх гээд байна. Энэ хурлын дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдах хэрэгтэй. 

Холбоотой мэдээ