Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Д.Хаянхярваа нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичгийг хэлэлцээд 54,8 хувийн саналаар татгалзлаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, хариулт авсан. Харин үдээс хойш буюу 15.00 цагт эхэлсэн хуралдаанд нийт 73 гишүүн оролцсоноос 53 нь санал хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хэн нэгнийгээ гүтгэн доромжилж байгааг хараад үнэхээр харамсаж байна. Ард түмнийг амар тайван байлгамаар байна. УИХ шүүх байгууллага биш шүү гэдгийг би өмнө нь хэлж байсан. Улсын их хурал бол хууль тогтоох байгууллага. Бизнес, хувь хүний хоорондын харьцаа руу ороод ирэх юм бол бид ямар ч үнэ цэнэгүй болно гэдгийг ч хэлж байсан. Гэтэл энэ байдал руу УИХ орсон. Өөрсдийгөө нэг хардаа. Ард түмнээ нэг харцгаа. Яг юу болчихов. Би нэг л зүйлийг хэлмээр байна.Хэрэв бидэнд төрийг түших ухаан, бие биенийг хүндлэх хүндлэл байхгүй бол бүгдээрээ энэ төрөөс зайлцгаая. Тэгээд тэр яриад байгаа бүлэглэл, шударга ёсоо гэнэ үү түүнийгээ бид наргүйгээр хийг. Энэ танхимд хэн нэгнийгээ гүтгэн доромжилж, гутааж байгааг хараад үнэхээр нүд хорсож байна. Энэ цөөхөн монголчууд ингэж болж байгаа юм уу. Монголын ард түмнийг ингээсэй гэж биднийг сонгоогүй шүү. Хэрвээ энэ УИХ тарах юм бол би тарахын төлөө хамгийн түрүүнд явна. ЖДҮХС-гаас эрх мэдлээ ашиглан зохион байгуулалттайгаар мөнгө авсан нь үнэн шүү дээ. Үүнийг хаацайлж болохгүй. Төрийн албыг завхруулсан нь үнэн. Төр бизнес рүү орж ирээд чөлөөт зах зээлийг боомилж байгаа нь үнэн. Шударга ёс, хариуцлага гэдэг чинь үнэ цэнэгүй сонсогдоод байна. Ерөнхий сайдын халаасанд огцрох өргөдөл нь бэлэн байгаа юу гэдэгт би итгэмээр байна. М.Энхболд гэдэг хүний халаасанд ард түмнийг амар, амгалан байдлыг хадгалж үлдэхийн тулд огцрох өргөдөл нь бэлэн байгаа болов уу гэдэгт ч итгэхийг хүсч байна. Ард түмний нурууг тайван балгаад өгөөч гэж хүсье.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Улс төр шинжлэх ухаан хоёр шүтэлцээтэй байх ёстой. Гэтэл улс төр нь шинжлэх ухаанаа огт хэрэглэхгүй байна. Цаашид улс төрд зөв хүн орж ирнэ гэдэг нь эргэлзээтэй болох нь. Тиймээс залуучуудыг бэлтгэх ёстой болж байна хэмээн онцлов.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Эх нь эцэж тугал турна гэдэг болоод байна. Шуудайнд хийсэн үхрийн эврүүдээ би маш олон удаа та нарт хэлсэн. Үнэн үг сонсож чаддаггүй. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг явав аа. Энэ заваан зүйлдээ бие даагч намайг хүртэл хутгалаа. Нэг амлалт өгч гарч ирсэн биз дээ та нар. Сонгогдох болохоороо үнсэлдэж үнгэлдээд сүйд болоод байдаг. Энд орж ирэхээрээ юм булаацалдаад байдаг. Монголын төр чинь юу болоод байна аа. Та нар ажлаа хийгээч ээ. Миний хувьд гуравдугаар ээлжийнхнийг хоолломооргүй байна. Түмэн олон маань төр тогтвортой байх ёстой шүү гэж хэлж байна. Манай тойргийг сэрсэн тойрог гэдэг юм. Үлдсэн хугацаанд та бүхний тойргоор явна. Өнөөдөр та нар ямар ирц өндөртэй хуралдаа сууж байна вэ. Хоорондоо эвлэрч энэ төрөө эмхлүүл. Та нарыг хөөж явуулахгүйгээр хариуцлагыг нь үүрүүлнэ. Ард түмэндээ яаж ажилладагаа харуул Ерөнхий сайд аа. Ажлын байр бий болгоод өгөөч ээ. Өрмийг нь хамаад идэлгүйгээр тэр зээлээ иргэддээ өгөөч. Монголын төрөөр битгий тоглоод байгаарай. Энэ насны юм чинь эргээд асар хүндээр бууна шүү. Тиймээс зөв байгаарай.
УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж би гарын үсэг зурсан. Энэ шаардлагуудыг зөв гэж бодож байна. УИХ, Засгийн газар гэдэг хоёр байгууллагын үйл ажиллагааны талаар сүүлийн үед байх ёстой байрандаа байхгүй. Морин тэргээр бол тэрэг нь урдаа гарчихлаа гэдэг шиг үйл явдлууд өрнөлөө. Энэ бүхний буруутан нь УИХ гэдэг ойлголтыг олон түмэнд өгөх үйл явц өрнөж байна. Засгийн газрыг УИХ томилсон. Засгийн газрын үүрэг бол хуулийг хэрэгжүүлж УИХ-ын өмнө хариуцлагаа хүлээлгэх үүрэгтэй. Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг шүү. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь УИХ-ын үйл ажиллагааг цааш явуулах эсэх үгүйг ярина гэж мэдэгдэл хийж байх жишээтэй. УИХ нь улс орны амьдралд бий болоод байгаа хамгийн анхаарал татаж байгаа асуудал болох валютын ханш, шатахууны асуудлыг ярихаар хариуцсан сайд нь орж ирдэггүй. Гэтэл хоёр долоон хоногийн дотор шатахууны үнэ 50-60 төгрөгөөр өслөө. Засгийн газар энэ хариуцдаг ажлаа УИХ-д яагаад тайлагнаж, танилцуулж болдоггүй юм бэ. Энэ мэт байдлаас болоод УИХ-ын нэр хүнд унахад Засгийн газар яах аргагүй холбоотой. УИХ муу байж болно. Гэхдээ харааж болохгүй. Тэр ЖДҮХС-гийн зээлийг би ямар аваачаад дансанд чинь хийчихсэн биш дээ. Шалгах ёстой байгууллагууд нь шалгана. Түүнээс биш би хууль хяналтын байгууллагуудыг шахаж дарамтлаад байдаг хүн биш.