С.Амарсайхан: Улаанбаатар-Парис хотын хооронд хамтран ажиллах эхлэл тавигдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-12-02 17:51:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга САмарсайхан өнгөрсөн баасан гарагт Европын холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдуудыг хүлээн авч уулзсан үеэр “Европын орнуудын хотуудтай хамтран ажиллах жишээ нь, Парис-Улаанбаатарын хооронд ийм эхлэл тавигдаж буй”-г онцолж байв.

Тэрээр энэ талаар, “Улаанбаатар хот Франц улсын нийслэл Парис хоттой Хот төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах асуудлыг өнгөрсөн 10 сард миний бие тус улсад айлчлах үеэр ярилцсан. Энэ ажлыг Франц улсын элчин сайдаар дамжуулан ажил хэрэг болгохоор  төлөвлөж байна. Манай улсын хувьд нийтийн тээврийн шинэ систем болох Кабел кар буюу Дүүжин тээврийн системийг нийслэлд нэвтрүүлэх төслийг Франц улсын Сангийн яам 55 сая еврогоор санхүүжүүлэх шийдвэрийг гаргасан байгаа. Парис-Улаанбаатар хот хамтран ажиллах эхлэл ингэж тавигдаж байна. Мөн бид Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамжийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.


Элчин сайдуудтай уулзах үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Европын холбооны улсын Төлөөлөгчийн газар Монгол Улсад нээгдэн, 2017 онд Европын Холбооны Улс олон Монгол Улсын хооронд  хамтын ажиллагааны гэрээ байгуулсантай холбоотойгоор хоёр талын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, худалдаа, эдийн засаг, нийгэм соёл боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эдгээр улс орны туршлагыг судлах, Европын улс орнуудад боловсон хүчнийг сургах зэрэг асуудал тавигдаж байна.

Үүнээс гадна нийслэл хотын хөгжлийн бодлогыг зөв зүйтэй явуулахын тулд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, нийслэлийн төр засгийн байгууллагуудын ажилтан албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд Европын улс орнуудаас дэмжлэг туслалцаа үзүүлэх  боломж, мөн хот төлөвлөлт судалгааны институтыг байгуулахад Европын холбооны улсуудын туршлагаас судлах шаардлагатай байгааг дурьдсан талаар НИТХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ