Хөгжил Политехник коллеж 150 гаруй байгууллагатай түншлэл тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-12-05 12:14:05

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежоос төр хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх, мэргэжлийн үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ахмадаас суралцах, ажилгүйдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор "Ховд түншлэл-2018" төр хувийн хэвшлийн түншлэгчдийн зөвлөлгөөн зохион байгуулав.

Зөвлөлгөөнд Хөдөлмөр, Халамж Үйлчилгэний Ерөнхий Газрын дарга Б.Нямдаваа Ховд хөгжил Политехник коллежийн  захирал, багш, суралцагсдын төлөөлөл болон төр захиргааны байгууллагын төлөөлөл, түншлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, ажил олгогчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЕБС-ийн захирал, технологийн багш нар зэрэг 100 гаруй хүн оролцлоо. 

Тус зөвлөлгөөнөөр ирээдүйн мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд  төр, хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуучуудыг ажлын байранд чадавхжуулахад мэргэжлийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх,  дадлага ажлыг эхнээс нь гардан гүйцэтгэхэд ахмадуудын туршлагаас суралцах, бие даан мэргэжил, мэдлэг ур чадвараа ахиулахад халамжлан, дэмжлэг үзүүлэхэд талуудын оролцоог илүү хариуцлагатай болгох асуудлыг онцолсон юм. 

Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр 33 гаруй  мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Тус сургууль 150 гаруй аж ахуй нэгж байгууллагатай төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, үйлдвэрлэл дээр суралцагсдыг дадлагажуулах, ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадавхжуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Энэ үеэр үсчин гоо засал, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, малын бага эмчийн анги болон тогооч, талх нарийн боов, модон эдлэл мужааны ангийн төгсөх ангийн суралцагсдын тайлан үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгосон бол ажил олгогчдын төлөөлөл уран мутар оёдлын үйлдвэрийн хамт олны бүтээлийг дэлгэн үзэсгэлэн гаргалаа. 

Холбоотой мэдээ