Он гарахаас өмнө амжиж зочлох арга хэмжээнүүд

Монголын мэдээ | Тойм
altankhuyag@montsame.mn
2018-12-06 12:05:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


ШИНЭ ЖИЛИЙН ЦӨМӨӨХЭЙ


Шинэ жилийн өдрүүдээр бүжгэн жүжиг үзвэл хэчнээн тансаг байх бол. Тэр тусмаа “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг үзэхэд нэн тохиромжтой. Тайзан дээр будрах цасан дундуур үлгэрийн мэт цагаан өмсгөлтэй охид балет эргэх мөч, цөмөөхэйн баатруудын тулалдаан үзэгчдэд хүрэх мөч ойртсоор байна. Мэдээж “Бостон балет” компанийн гоцлооч, МУГЖ Д.Алтанхуягийн шинэчилсэн тавилтаар үзэгчдэд хүрнэ.


Германы зохиолч Е.Т.А. Хоффманы “Самар цөмөгч” буюу “Хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн энэ бүжгэн жүжгийн хөгжмийг П.И.Чайковский бичсэн бөгөөд 1892 оны арванхоёрдугаар сарын 06-нд ОХУ-ын Марийнский театрт анх үзэгчдийн хүртээл болсон түүхтэй. 


Үнэхээр шинэ жилийг "Цөмөөхэй"-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил бүрийн 12 дугаар сард "Цөмөөхэй" бүжгэн жүжиг тоглогддог уламжлал тогтоод ийнхүү 5 дахь жилтэйгээ золгож байна. Үлгэрийн орноос аялах боломжийг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд УДБЭТ танд олгож байна.


ТЕАТРЫН ЖҮЖГҮҮД




Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг УДЭТ-ын урын санд өнгөрсөн жил нэмэгдсэн билээ. Тэгвэл тус жүжгийн энэ сарын 8-нд тайзнаа дахин амилуулахаар болжээ.


Бид бүхэн амьдралынхаа туршид аливаа сонголттой алхам бүртээ тулгардаг. Гэвч ямар ч цаг мөчид гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргийг юугаар ч сольж болохгүйг тус жүжигээр харуулахыг зорьсон байна.  20 жилийн өмнө цэл залуухан Ромеогоор үзэгчдийн сэтгэлд үлдсэн жүжигчин О.Гэрэлсүх болон Нора хатагтайн дүрээр анх тайзнаа өөрийнхөө чадвар чансааг батлан харуулсан Б.Баярмаа нар гол дүрийг бүтээсэн билээ.




Драмын театрын тайзнаа энэ сард амилах өөр нэгэн жүжиг бол “Ромео Жульетта хоёр” юм. Ертөнцийн хамгийн үнэнч дурлалын сонгодог жишээ болсон У.Шекспирийн Ромео, Жульетта хоёр яг 420 дахь жилдээ   гурав дахь удаагаа  монголын үзэгчидтэй  учран золгосон нь 2016 он билээ. Харин энэ удаад тухайн үед шинэчлэн тавьсан хэлбэрээ дахин үзэгчидтэйгээ уулзахаар болжээ.


Төрийн шагналт Н.Наранбаатарын шинэчил, постмодернизм хэлбэрээр найруулсан “Ромео, Жульетта хоёр” өвөрмөц өнгө аяс, эрэл хайгуулаараа үзэгчдийн сонирхлыг багагүй татсан бөгөөд судлаач шүүмжлэгчдээс магтаал, зэмлэлийн аль алинийг тэнцүүхэн хүртсэн юм.  Ромеогийн дүрийг Б.Шинэбаяр, Жульеттагын дүрийг О.Дөлгөөн нар бүтээсэн тус жүжиг энэ сарын 20, 21, 22 –нд дахин тайзнаа тоглогдох гэж байна.


ТАГТААТАЙ ҮДЭШ




Маш богино хугацаанд хамгийн их уншигчидтай хэвлэлийн газруудын нэг болж чадсан “Тагтаа паблишинг”-ийн хамт олон үнэнч уншигчид, утга зохиол, орчуулга, кино урлагийн чиглэлээр бүтээл туурвих хүсэлтэй залууст зориулан энэ оны хамгийн сүүлийн уулзалтаа энэ сарын 6-нд МУИС-ийн номын санд зохион байгуулахаар болжээ.


Уулзалтын үеэр “Тагтаа хэвлэлийн газар”-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалан АНУ-ийн Айовагийн их сургуулийн “Олон улсын зохиолчдын хөтөлбөр”-т хамрагдаж ирсэн сонин сайхнаасаа хуваалцаж тус хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар уран зохиол сонирхогч, туурвигч залууст зөвлөгөө мэдээлэл хүргэх болно. 


Мөн тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагчдын нэг Ж.Тэгшзаяа Бусаны олон улсын кино наадамд явж ирсэн аяны сониноосоо хуваалцаж кино урлагийн өнөөгийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлэх гэнэ. Мөн залуустайгаа уран зохиол, кино, орчуулгын талаар чөлөөт ярилцлага хийхээр мөн төлөвлөжээ. Урлагийн салбарт бүтээн туурвигч болохоор хүсч мөрөөдөж яваа хүн бүрт урам зориг, мэдлэг мэдээлэл нэмсэн нэгэн үдшийг “Тагтаа”-тай хамт өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай.


ГРИНЧТЭЙ КИНО ТЕАТР




Америкийн нэрт зохиолч, хүүхэлдэйн киноны продюсер, яруу найрагч агсан Dr. Seuss гээч эрхмийг уншигчид андахгүй. Түүний "Ойн хамгаалагч Лоракс", "Алаг малгайт муур", "Хортон хэнийг сонсов!" зэрэг кинонуудаас гадна жүжигчин Jim Carrey-ын гол дүрд нь тоглож шилдэг нүүр хувиргалт төрөлд Оскарын шагнал хүртэж байсан "Гринч хэрхэн зул сарыг хулгайлсан бэ?" киногоор нь сайн мэдэх билээ. Тэгвэл уг киног “Illumination” студи хүүхэлдэйн кино хэлбэрээр энэ онд үзэгчдийн хүртээл болгосон юм.


Киног хүүхэлдэйн хэлбэрт оруулсан маш мундаг хувилбаруудын нэг нь тус кино гэхэд буруудах зүйлгүй. Яг одоо уг кино театруудын ашиг орлогын нэмсээр буй. Тиймээс ч театрын дэлгэцнээс буухаас нь өмнө амжиж үзэх ёстой киноны нэг бол зул сарын өмнөх Гринчийн домогт дээрмийг харуулсан уг бүтээл юм.


Мөнхүү энэ сарын 22-нд “Dreamers’ Day өдөрлөгөөр гарах “Амьдралыг Чагнахуй” киног мөн мартаж болохгүй. "Чагнан эргэцүүлээгүй амьдрал ямар ч үнэ цэнэ үгүй" хэмээн Сократ өөрийн цаазын шийтгэлийн өмнө хэлсэн нь бүх л гүн ухаантаны амьдралын уриа, хүн төрлөхтний үндсэн зорилгыг тодорхойлсон хэрэг байсан юм. Тэгвэл орчин цагийн нөлөө бүхий сэтгэгч нар өөрсдийн болон нийт хүн төрлөхтний амьдралыг хэрхэн хаана чагнан эргэцүүлсэн талаар энэхүү бүтээл нь та бүхэнд дэлгэн харуулах болно. Баримтат, философи төрлийн уг киног бүх насныхан үзэхэд тохиромжтой. 

 

Холбоотой мэдээ