“Эрдэнэт хотын өдөр”-ийг тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-11 17:06:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ 1975 оны 12 дугаар сарын 11 нд  Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар  Булган аймгийн Эрдэнэт хороог улсын зэрэглэлтэй хот болгохоор шийдвэрлэсэн билээ.  2017 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид жил бүрийн  12 дугаар сарын 11-ийг “Эрдэнэт хотын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсний дагуу эрдэнэтчүүд хоёр дахь жилдээ хотынхоо төрсөн өдрийг тэмдэглэж байна.  

Энэ өдөр аймгийн удирдлагууд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эрдэнэт хот Бидний бахархал” сэдэвт түүхэн хичээл зааж, төрийн жинхэнэ албан хаагчид тангараг өргөж,  “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөлөө.

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан Орхон аймаг, Эрдэнэт хоттой ах, дүүгийн найрамдалт харилцаатай ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.

Мөн Эрдэнэт хотын үе, үеийн ИТХ-ын дарга болон аймгийн  Засаг дарга, Засаг даргын орлогч нар “Орхон аймаг-Эрдэнэт хотын өнөөгийн байдал ба ирээдүй” сэдвийн дор уулзалт, ярилцлага хийлээ.

“Эрдэнэт хотын өдөр”-ийг тохиолдуулан “Их хотын хямдрал”, “Хотын аялал”, "Явган аялал” зохион байгуулж аймгийн “Музей”, “Хөх Монгол” цогцолбор олон нийтэд үнэ төлбөргүй үйлчиллээ. Түүнчлэн Хүүхэд, Залуучуудын театр “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгээ дөрвөн өдөр үнэ төлбөргүй тоглож байна.

“Эрдэнэт хотын өдөр” –т зориулсан  баярын хурал, хүндэтгэлийн концертоор  үргэлжилж байна.

 

Холбоотой мэдээ