Хоёр Солонгос эрүүл мэндийн үйлчилгээний талаар ажлын түвшний яриа хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2018-12-13 11:36:09

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон БНАСАУ-ын Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид хоёр улсын эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн тухай БНСУ-ын Засгийн газраас лхагва гарагт мэдээлэв.


БНАСАУ-ын хилийн Кэсон суурин дахь Зохицуулах товчоонд зохион байгуулсан уг уулзалт нь хоёр талын эрүүл мэндийн үйлчилгээний асуудлаар хийж буй анхны яриа хэлэлцээ болсон юм.


Өнгөрсөн сард хоёр Солонгосын төлөөлөгчдийн байгуулсан энэ ондоо багтаан халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх хийгээд энэ төрлийн өвчний талаархи мэдээллийг харилцан солилцоход хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулжээ.


“Уулзалтын үеэр талууд өвлийн улиралд түгээмэл тархдаг томуу зэрэг өвчний талаархи мэдээллийг солилцсон бөгөөд хоёр улсад тархаж болзошгүй халдварт өвчнүүдийн тухай мэдээллийг ирэх онд тогтмол харилцан солилцож байхаар тохиролцсон” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна.


Сүүлийн хэдэн сарын хугацаанд Сөүл болон Пхеньяны засаг захиргааны төлөөлөгчид төмөр замын харилцаа холбоо, мод үржүүлэг болон өөр бусад олон салбарт хамтын ажиллагааны олон төслийг хэрэгжүүлэх цуврал уулзалтуудыг зохион байгуулсан юм. Эдгээр нь хурцадмал байдлыг намжааж, харилцан итгэлцлийг бий болгоход ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн талууд найдаж байна. 

Холбоотой мэдээ