Го даамын шилдэг тоглогч хиймэл оюун ухаантай өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-03-09 12:59:38

СӨҮЛ. /TASS/. Го буюу хятад даамын дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигддэг Өмнөд Солонгосын тамирчин, дэлхийн аварга Ли Се Долюгийн хиймэл оюун ухаан “Google DeepMind”-тай тоглох цуврал тэмцээний эхнийх нь өнөөдөр Сөүл хотод болно.

Уг түүхэн тоглолтод таван удаа ялагч дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, нэг сая долларын эзэн болох юм. Тэмцээнийг гуравдугаар сарын 9, 10, 12, 13 болон 15-нд Хятадын уламжлалт дүрмээр зохион байгуулна.

Го даамын дэлхийн шилдэг тоглогч Ли Се Доль хиймэл оюун ухааныг ялна гэдэгтээ итгэлтэй байна. Хэдий дэлхийн шилдэг компьютерын программ байсан ч туршлага болон зөн билгээрээ илүүрхэж чадна гэж тэрбээр гуравдугаар сарын 8-нд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. “Мэдээж хэрэг энэ нь амаргүй байх бөгөөд таван тоглолтод бүгдэд нь ялж чадахгүй байж магадгүй, би одоо ч гэсэн ингэж бодож байна” гэж Ли онцлон хэлсэн байна.

Харин “AlphaGo” программыг зохион бүтээгч Демис Хасабис, го даам нь 3000 жилийн түүхтэй бөгөөд дэлхийд 40 сая орчим хүн энэ даамаар тоглодог бол го даамны нүүдэл нь 170 зэргээр 10-т хүрдэг гэж ярьжээ. “Энэ бол хүний урьд өмнө зохиож байсан тоглоомуудаас хамгийн хэцүү нь бөгөөд хиймэл оюун ухааны хувьд асар том сорилт болно. Жишээлбэл шатарт жил бүр 20 шинэ нүүдэл, харин го дааманд 200 шинэ нүүдэл нээдэг. Тийм учраас хүн бүх хувилбарыг тооцоолж чадахгүй бөгөөд олонх тохиолдолд зөн билгээ дагах хэрэгтэй болдог” гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ