Канад, Монголын залуу хоккейчдыг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2018-12-14 14:43:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуу хоккейчдыг дэмжих Канад-Монголын хамтарсан төслийн албан ёсны нээлт өчигдөр “Централ тауэр” цамхагт болж уг ёслолд Канад улсын Элчин сайд Девид Спрул оролцлоо.

 Монголд хоккейн спорт социализмын үеэс эхлэн хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч дутмагаас одоогоор дэлхийд томоохон өрсөлдөгч болж чадаагүй байна. Харин энэ бэрхшээлийг үл ажран монголын олон зуун залуус хоккей шимтэн сонирхож, энэ спортоор хасах 15-30 хэмийн хүйтэнд мөсөн талбай /каток/ дээр хичээллэж, уралдаан тэмцээн зохион байгуулж, тивийн хэмжээнд өрсөлдөж байгаа юм.



Канад Улсын Элчин сайдын яам, Монголын хоккейн холбоо, Канад, Монгол аж ахуйн нэгжүүдтэй хамтран Канадад хоккейн хувцас хэрэгслийг хандиваар цуглуулжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажилд хоёр орны олон иргэн ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Хандиваар цугласан чингэлэг дүүрэн хувцас хэрэгслийг Монголын хоккейн холбоо баг, холбоодод тараана.


Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд 2019 оны 2 дугаар сарын 16-19-нд өрнөх “Монгол дахь хоккейн өдрүүд” болно. Энэ үеэр Канад Улсын Ванкувэр хотын Лэсли Глобал Спортс клубын Нэйт Лэсли тэргүүтэй дасгалжуулагчид манай улсад ирж хоккейчид, дасгалжуулагчдад мөсөн талбай дээр сургалт хийх юм.

Холбоотой мэдээ