АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд хүрсэнгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 30 /TASS/. Конгресс дахь Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын төлөөлөгчид есдүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Дональд Трампын оролцоотойгоор Цагаан ордонд уулзсаныхаа дараа Засгийн газрын үйл ажиллагаа зогсохоос (шатдаун) сэргийлэх арга хэмжээний талаар тохиролцоонд хүрээгүй гэдгээ мэдэгдэв.
"Бид ихээхэн санал зөрөлдөөнтэй байна" гэж Конгрессын Сенатын танхим дахь Ардчилсан намын цөөнхийн бүлгийн дарга Чак Шумер (Нью-Йорк муж улсаас сонгогдсон) сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, энэ бол эрүүл мэндийн салбарт шаардагдах зардал, мөн Вашингтоны захиргаа өмнө нь цуцалсан зарим салбарын санхүүжилттэй холбоотой асуудлаарх санал зөрөлдөөн гэж тайлбарлав.
“Засгийн газрын үйл ажиллагаа зогсох эсэх нь Бүгд найрамдах намынхнаас шалтгаална. Бид ерөнхийлөгчид хэд хэдэн саналыг танилцуулсан. Одоо тэдгээрийг Бүгд найрамдах намын удирдагчид хэлэлцэх шаардлагатай. Харин эцсийн шийдвэрийг тэр гаргана” гэж Ч.Шумер Трампын тухайд ярихдаа хэлжээ. “Хэрэв тэрбээр бидний хүссэн зарим зүйлийг зөвшөөрвөл шатдаунаас зайлсхийх боломжтой. Гэхдээ бидний хооронд одоо ч ихээхэн санал зөрөлдөөнтэй хэвээр байна” хэмээн Ч.Шумер онцолсон байна. Үүнтэй ижил мэдэгдлийг Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан цөөнхийн бүлгийн дарга Хаким Жеффрис мөн хийжээ.
Засгийн газрын үйл ажиллагааг энэ оны санхүүгийн жилийн төгсгөл болох есдүгээр сарын 30-ныг хүртэл түр санхүүжүүлэх тухай хуульд Д.Трамп гуравдугаар сард гарын үсэг зурсан юм. Уг хуульд гарын үсэг зурснаар гуравдугаар сарын 15-нд болох байсан шатдаунаас зайлсхийж, зарим төрийн байгууллага, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаа зогсох, хэдэн зуун мянган төрийн албан хаагч цалингүй амралт авахаас сэргийлж чаджээ.