“Улаанбаатар гурил” ХХК-ийн 35 ажилтан орон сууцтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-17 12:59:19

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Улаанбаатар гурил” ХХК-ийн Дархан салбарт ажиллаж байгаа шилдэг тэргүүний 35 ажилтандаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрууллаа. Тодруулбал Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Баян Бридж” барилгын компанитай хамтран 70 айлын орон сууцыг ийнхүү ашиглалтад оруулжээ.

Цаашид тус компанийн хамт олон үйлдвэрийн ажилтан албан хаагчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах, эх орныхоо эрдэнэт хөрсөнд ургасан улаан буудайг тээрэмдэн боловсруулж эрүүл аюулгүй чанартай хүнсийг ард иргэддээ нийлүүлэхийн зэрэгцээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч баялаг бүтээгч болохоор ажиллаж байгаа ажээ.

Үндэсний томоохон үйлдвэрлэгчийн нэг “Улаанбаатар гурил” ХХК 2001 онд байгуулагдсан бөгөөд 2012 онд Дархан хотод үйлдвэрлэлээ өргөтгөн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд хоногт 300 тн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай бүрэн автомат, компьютер удирдлагын системтэй, босоо технологитой 5 давхар үйлдвэр болж өргөжсөн байна.

17 жил болж байгаа тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар нийтдээ 200 гаруй ажилтан албан хаагчидтай аж. Борлуулалтын цар хүрээ, брэндийн нэр хүндээрээ Монгол Улсад тэргүүлэгч компани болж чадсан гэж салбарынхан нь үнэлдэг.

 

Холбоотой мэдээ