ДАРХАН-УУЛ: “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-07 20:47:51

Дархан, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/.  Энэ сарын 3,4-ны өдрүүдэд Хонгор сумын нутагт байрлах Малын удмын сангийн үндэсний төвд “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгууллаа.


1989 оноос эхлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулж ирсэн уг үзэсгэлэн, дуудлага худалдаанд 250 гаруй малчин, мал аж ахуй эрхлэгч, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, малын биобэлдмэл, тэжээл, эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд оролцлоо.




Шилмэл малын үзэсгэлэнд улсын хэмжээнд үржүүлж буй ашиг шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдэгүүдийг шалгаруулж шагнав.

Мөн малын эм, биобэлдмэл, тэжээлийн шинэ бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн инновацийн шийдлүүд, мах, сүү, ноос, ноолуурын чанараар шалгарсан шилмэл малыг олон нийтэд танилцуулсан нь энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь гэж тодотгож байна.


Дуудлага худалдаанд, мах, сүүний чиглэлийн Семинтал, Герефорд, Халимаг, Лимүзин, Казакын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн үхэр, ноос, ноолуурын чиглэлийн Эрчмийн хар ямаа, Сүхбаатарын улаан хүзүүт, Суффолк хонь, Хэнтий аймгийн Галшарын гүү, Араб, Англи азарга, Тамвовски галуу, эдельбай, мангалийца тоорой зэрэг нийт 20 гаруй бод, 14 бог мал оролцлоо.




Газар тариалан, мал аж ахуйг төгс хослуулж, ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх, тариалангийн талбайг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж, малчид нэгдэн малын ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарахын зэрэгцээ Монгол Улсын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарын 10 орчим хувийг л ашиглаж байгаа нь цаашид хөгжих, өсөх асар их боломж байгааг харуулж, мал сүргээ эрчимжүүлэх, уламжлалт арга туршлагыг орчин үеийн технологитой хослуулах, чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон ажил бидний өмнө байна гэж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр онцлов.

 



Уг арга хэмжээ нь Монгол орны мал аж ахуйн салбарын шилдэгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Түүнчлэн үзэсгэлэн, дуудлага худалдаа нь зөвхөн шилдэг үүлдрийн малыг сурталчлахаас гадна малчдын мэдлэг, туршлагыг хуваалцах, шинэлэг технологийг нутагшуулах, мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн үйл ажиллагаа болсоныг зохион байгуулагчид тодотгов.




Ташрамд цаашид бэлчээрийн уламжлалт мал аж ахуйн өв соёлоо хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилттай хослуулан хөгжүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго гэдгийг салбарынхан онцолж байна.

 

 

 

Холбоотой мэдээ