ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх хүсэлтийг тавилаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-12-18 20:41:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮ-ийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортлоход Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа энэ оны сүүлийн өдрөөр дуусч байна.

Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ, ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвөөс хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 606 үйлдвэр эрхлэгч 29 нэр төрлийн 1674 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 34 орноос импортолж, 3,8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын чөлөөлөлтөд хамрагдан, үр дүнд одоогийн байдлаар 2017, 2018 онуудад нийт 3579 ажлын байр шинээр бий болж, үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдээд байгааг мэдээллээ.

ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортолж буй үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвар чөлөөлөх тухай хуулийг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр тогтсон. Хуулийн дагуу Засгийн газраас тогтоол гарч, ЖДҮ-ийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий 29 салбарын 618 төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлж байгаа юм.  

Гаалийн албан татварын чөлөөлөх тухай хууль хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн, Монгол гэр модон эдлэлийн экспорт нэмэгдэж, 2018 оны эхний 10 сарын байдлаар дээр дурдсан бүтээгдэхүүний экспорт 540,3 сая.ам долларт хүрээд байна. Ийнхүү жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн нь эерэг өөрчлөлт авчирч байгаа тул Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хугацааг сунгах хүсэлтээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа санал ирүүлсэн байдаг.

Мөн энэ оны 10-р сарын 30-нд Төрийн ордон зохион байгуулсан “Үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломж, гарц, шийдэл хайсан зөвлөлдөх уулзалт” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уг саналаа хүргүүлсэн юм.

 

 

 

 

Холбоотой мэдээ