Зочлох үйлчилгээний салбарынхныг мэргэшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-19 10:37:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, жуулчны бааз, ресторан, зоогийн газрын менежер, удирдах ажилтнуудад зориулсан мэргэшүүлэх сургалт боллоо. 

Сургалтаар зочид буудлын тухай үндсэн ойлголт, үйл ажиллагааны зохион байгуулалт, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага, зочид буудлын хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, харилцааны ур чадвар, харилцагчийн үйлчилгээ, зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний менежмент, зочин хүлээн авах үйлчилгээний технологи зэрэг сэдвээр мэдлэг чадвараа дээшлүүлсэн байна. Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвийн багш, Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан Г.Хайсандай, АСЕМ-ийн сургагч багш Б.Энхцэцэг нар тус сургалтыг удирдан явуулжээ.

Ресторан, зоогийн газрын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, хоолны газрын төрөл ангилал, түүнд тавигдах шаардлагууд, менежерийн ур чадвар, менежмент маркетингийн онолын мэдлэгийг олгож, рестораны ширээ засалт, үйлчилгээний талаар практик сургалтыг мөн үеэр зохион байгуулсан байна. Мөн ресторан, зоогийн газрын хүний нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор менежментийн онол, ажилтан албан хаагчдын хоорондын харилцааны талаар мэдлэг ойлголтыг өргөжүүлсэн байна.

Холбоотой мэдээ