Саудын Арабын элсэн цөлөөс эртний амьтдын хадны зураг олджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 1 /AP/. Саудын Арабын элсэн цөлөөс тэмээ, зээр болон бусад амьтныг биеийнх нь хэмжээгээр дүрсэлсэн хадны сийлбэр зургуудыг судлаачид илрүүлжээ.
Хадны зургууд нь ойролцоогоор 12 мянган жилийн өмнөх үеийнх бөгөөд ихэнх нь 1.8 м-ээс дээш өндөртэй байна. Тэдгээрийг хадан дээр тодоор сийлэхийн тулд шаантаг хэлбэртэй чулууг ашигласан гэж судлаачид үзэж байгаа ажээ. Энэхүү нээлтийг хийхэд оролцсон Германы Макс Планкийн нэрэмжит геоантропологийн хүрээлэнгийн археологич Мариа Гуагнин хэлэхдээ, зөвхөн чулуугаар ийм нарийн ширийн зүйлсийг сийлнэ гэдэг жинхэнэ ур чадвар шаардах ажил мөн гэлээ.
"Тус газраас олдсон амьтдын зураг, сийлбэрийн багаж хэрэгслүүд нь судлаачдын таамаглаж байснаас даруй 2000 орчим жилийн өмнө хүмүүс амьдарч байсныг харуулж байна. Эдгээр зураг ийм хуурай нөхцөлд хэрхэн хадгалагдаж үлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Саудын Арабад олон мянган жилийн турш хүмүүс хадны зургийг бүтээсээр ирсэн" гэж М.Гуагнин хэлжээ. Гэхдээ ийм бүтээлүүд нь бичиггүйгээс гадна, лабораторид шинжлэхээр илгээж болох нүүрс гэх мэт үлдэгдэл бараг байдаггүй тул цаг хугацааг нь тодорхойлоход хүндрэлтэй байдаг ажээ.
Жонс Хопкинсын их сургуулийн археологич, судалгаанд оролцоогүй Майкл Харроуэр цахим шуудангаар дамжуулан хэлэхдээ, бид хүн төрөлхтний эртний үе дэх Ойрх Дорнодын урлагийн талаар харьцангуй бага зүйлийг мэддэг гэсэн байна. Харин хадны сийлбэр зургуудыг нээх үеэрээ судлаачид чулуун сийлбэрийн доор булагдсан байсан чулуун багаж хэрэгслийг олсон нь уг хэрэгсэл болон түүнийг ашиглан урласан бүтээлийн он цагийг тогтоох боломжийг олгожээ. Судалгааны үр дүнгийн талаарх өгүүллийг “Nature Communications” сэтгүүлд мягмар гарагт нийтэлсэн байна.
Орчин нөхцөл хуурай, ус хомс байсан тул тэрхүү цаг үед хүмүүс цөлд амьдарч байсан эсэхэд судлаачид эргэлзэж байжээ. Гэхдээ тухайн газар нутаг ногоон бэлчээр, нууртай байх үед хүмүүс нүүж ирсэн байж магадгүй гэж таамагласан байна. Хадны сийлбэрүүдийн нэгд элсэн цөлд амьдардаггүй, устаж үгүй болсон зэрлэг үхрийн өвөг болох бух гөрөөсийг дүрсэлсэн байжээ. Энэ нь М.Гуагниныг зургийг сийлсэн хүмүүс өөр газар орноор аялж байхдаа тэдгээр амьтантай тааралдсан юм болов уу гэж гайхахад хүргэсэн байна. Тэд ойр орчмын газар орныг маш сайн мэддэг хүмүүс байсан байх магадлалтай гэж тэрбээр ярьжээ.