Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 17:39:30

Увс аймгийн Прокурорын газраас аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх үйл ажиллагаанд хяналт хийсэн байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн эрх бүхий албан тушаалтнууд нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 343 хүнд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж 9.7 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 11 этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жилийн хугацаагаар хасчээ.

Энэ оны 1 дүгээр сард Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 21 хүнд захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 6.6 сая төгрөгөөр торгон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 16 этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан байна.

Оны эхний нэг сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 16 гарсан нь 2015 оны 12 дугаар сартай харьцуулахад 31.2 хувиар өссөн дүнтэй байжээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өнгөрсөн оны 9 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Прокурорын газраас ард иргэдэд хандан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хамгаалах бүс, малгайг тогтмол хэрэглэх, хөдөлгөөнт гар утас ашиглахгүй байхыг анхаарууллаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ