Б.Энхмандах: "MNB World" сувгаар дамжуулан монгол руу харах шинэ цонх нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-12-20 20:07:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОНРТ-ийн англи хэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн түгээх “MNB World” анхны телевизийн сувгийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 3.3-т “Олон нийтийн радио, телевиз нь гадаадын үзэгч, сонсогчдод зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ” хэмээн заасан. Дээрх үүргийнхээ хүрээнд Монгол Улсын түүх соёл, зан заншил, урлаг спорт, нийгэм, эдийн засгийн ололт амжилт, өнөөгийн хөгжлийн талаар англи хэлээр мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн түгээх “MNB World” суваг нээх төслийг өнгөрсөн оны  9 дүгээр  сараас хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсыг дэлхийтэй холбох шинэ гарц, дэлхийг Монгол Улстай холбох гүүр "MNB World" суваг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, итгэлтэй, найдвартай, мэдээллийн эх сурвалж болно гэдгийг МҮОНРТ-ийн удирдлагууд хэлж байна.

МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Энхмандах хэлэхдээ, “МҮОНРТ нь дэлхий дахинд Монголын талаар мэдээлэл хүргэх үүрэгтэй билээ. Гэвч энэ үүргийг биелүүлэхийн тулд түүнд таарсан суваг болон нэвтрүүлэг шаардлагатай. Энэ нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хэлээр явах ёстой юм. МҮОНРТ энэ зорилгод хүрэхийн тулд их хичээж “Voice of Mongolia” радиог байгуулсан.“Voice of Mongolia” буюу “Монголын дуу хоолой” нь орос, хятад, япон, англи хэлээр гадаадад радио нэвтрүүлэг хүргэдэг. Өнөөдөр шинээр нээж буй "MNB World" суваг нь дэлхий дахинд монголыг сурталчлах шинэ суваг, цонх  гэж харж байна. Энэхүү сувгаар бидний түүх, соёл, өв уламжлал, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг нийгмийн бүх салбарын хөгжлийг харуулсан олон төрлийн контент англи хэлээр үзэгчдэд хүрэх юм. Энэ цонхыг хэзээ ч хааж болохгүй. Харин улам нээлттэй болж дэлхийг гэрэлтүүлэх болно” гэв.

"MNB World" төслийг санаачлагч, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, “MNB World" бол МҮОНРТ-ийн олон улсын суваг юм. Одоогоос 51 жилийн тэртээ 9 дүгээр сарын 27-нд Монголын анхны телевиз эфирээ цацсан билээ. МҮОНРТ нь 7 хэвлэл мэдээллийн платформд үйл ажиллагаа явуулдаг, 3 суваг, 3 радио, 1 вэбсайт, youtube суваг, хэдэн хэдэн фэйсбүүк хуудастай. Бид өдөр бүр  51 цагтай дүйцэхүйц хэмжээний нэвтрүүлгийг бэлтгэдэг. МҮОНРТ-ийн зорилгын нэг нь дэлхий дахинд мэдээллээ хүргэх зорилготой. Үүний дагуу өнөөдөр шинэ суваг нээж байна. Нэг жилийн турш бэлтгэлээ базаасан. Өнөөдөр анхны эфирийн мэдээгээ цацахад бэлэн боллоо” гэв.

Шинэ сувгийн нээлтийн ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, ЭСЯ-ныхан, олон улсын байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарынхан оролцов.


 

 

Холбоотой мэдээ