Ирвэс тооллого эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-12-21 10:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрөөс МУИС болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй хамтран манай улс дахь ирвэсийн тоо толгойг судлан тогтоохоор ажиллаж байна.

Хамгийн сүүлд 2000-2002 онд хийсэн тооллогоор Монгол Улсад 500-гаас мянган цоохор ирвэс байгааг тогтоосон байна. Тэгвэл одоо гарах дүн Монгол Улсыг төдийгүй дэлхийг гайхашируулахаар тоо гарна гэдэгт найдаж байгаагаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол Улс дахь хөтөлбөрийнхөн үзэж байна.

Тус сангаас энэ оны 4-р сараас эхлэн Монгол Улс дахь ирвэсийн тооллогыг эхлүүлээд байна. Тооллогыг олон улсын шинэ аргачлалаар хийж байгаа бөгөөд тооллогын хүрээнд манай улсын хэмжээнд 13 баг ажиллаж байгаа аж.

Тооллогын явцад цоохор ирвэс нь Монголын хаана хаана байгааг тогтоохоор өндөр уулсын эко системийг сонгож аван эрдэмтэн судлаачдын баг ажиллаж байна. Тооллогын нэгдсэн дүнг ирэх оны 5-р сард гаргахаар төлөвлөж байна” гэв. Энэ нь манай улсад төдийгүй олон улсын хэмжээнд том судалгааны ажил болох юм байна.


Цоохор ирвэс дэлхийн хэмжээнд 12 улсад байдаг бөгөөд манай улс цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд 2-рт ордог байна. Ирэх онд гарах судалгааны тоо дэлхийн хэмжээнд нэлээд шуугиан тарихаар сонирхолтой тоо гарна гэдэгт найдаж байгаа аж.


Өнгөрсөн онд тус сан ирвэсийн тоо толгойд чухал нөлөөтэй туурайтан амьтан болох янгирын тоо тооллогыг мөн явуулж хийсэн байна. Үүгээр Бумбат хайрхан ууланд 84, Жаргалт хайрхан ууланд 496 янгир, Баатархайрхан ууланд 719 толгой янгир байгааг тогтоожээ.




Зураг дээр: Өмнөговь аймгийн хэд хэдэн сумын залуус нийлэн ховор ан амьтанд өвс тэжээл бэлтгэн нутаглаж буй болон дайжиж буй газруудад нь тавьж өгч байгаа нь. Дээрх санаачилгыг нутгийн залуус 3 дахь жилдээ өрнүүлэн ийм ажлыг хийж байна.

Б.Болд

 

Холбоотой мэдээ