Төрийн соёрхолт, ардын уран зохиолч С.Эрдэнийн 90 насны ойг тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-21 17:51:29

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж таван асуудал хэлэлцсэний дотор Төрийн соёрхолт, ардын уран зохиолч С.Эрдэнийг алдаршуулах талаар ярилцлаа. 


Тодруулбал, Биндэр сумын харъяат, Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч С.Эрдэнийн 90 насны ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай саналыг хэлэлцэн дэмжлээ. Түүнчлэн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг, төлөвлөгөө, хамрах хүрээ зэрэг бусад судалгааг хийлгэхээр аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна. 


С.Эрдэнэ нь хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэлзүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч байсан бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.


Тэрээр Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 дугаар сарын долооны өдөр төрсөн. 1949 онд офицерын сургууль, 1955 онд МУИС төгсчээ. "Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлсэн. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.




Холбоотой мэдээ