Өнөөдөр идэр ес эхэлж байна

ЛАВЛАГАА
dogsom@montsame.mn
2018-12-22 11:07:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголчууд өвлийн улирлын оргил хүйтнийг есөн ес 81 хоногоор тооцдог, тэгвэл өнөөдөр идэр ес эхэлж байна.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг балчир гурав, идэр гурав, өтөл гурав гэж хуваадаг. Ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч Монголчууд хаврын улиралтай золгодог. Хэдийгээр нар наашилж байгаа ч Монгол тооллоор өнөөдрөөс хүйтний эрчийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлнэ.  Өвлийн ес эхлэнгүүт мал ахуйгаа адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн бэлчээрт явах нь ихэсдэг. Энэ өвөл олон жилийн дунджаас илүү хүйтэн байгаа. Тиймээс малчид, орон нутгийн нийтийн тээврийн жолооч нар хол замд гарахдаа цаг агаарын мэдээгээ цаг алдалгүй авч байхыг ч анхааруулж байна. Балчир гурван ес эхэлж байгаа энэ өдрүүдэд цаг агаар ямар байх талаар мэдээллийг хүргэе. Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр болон маргааш нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шууран, ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа.

Өнөөдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.      

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Шөнөдөө Дундговийн нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 13-18 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 30-32 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.


Холбоотой мэдээ