Японы Эзэн хааны ордонд олон мянган хүн зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-12-24 11:04:36

ТОКИО. /NHK/. Японы Эзэн хаан Акихитогийн мэндэлсний 85 жилийн ой өнгөрсөн ням гарагт тохиож, нийслэл Токио хотын төвд байрлах хааны ордонд 83 мянга орчим хүн зочилжээ.


Эзэн хаан Акихито, түүний гэргий Мичико болон хааны удмын гэр бүлийн бусад гишүүд тагтан дээр гурван удаа гарч ирж, сайн сайхныг хүсэн ерөөхөөр ирсэн хүмүүстэй мэндчилсэн байна.


Эзэн хаан үг хэлэхдээ, баяр хүргэсэн бүх хүмүүст хариу талархал илэрхийлээд, улиран одож буй онд Япон улс байгалийн олон гамшигт нэрвэгдсэн тухай цохон тэмдэглэж, гамшигт үзэгдэлд дотны хэн нэгнээ алдсан хийгээд хохирол амссан хүмүүст гүнээ эмгэнэл илэрхийлжээ.


Мөн шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж буйг онцлон тэмдэглээд, бүх хүнд эрүүл мэнд, сайн сайхныг хүсэн ерөөсөн байна. Эзэн хаан Акихито ирэх оны дөрөвдүгээр сард хаан ширээгээ хүүдээ залгамжлуулах бөгөөд эзэн хааны хувиар тэмдэглэж буй сүүлийн баяр энэ юм.


Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, 1969 оноос хойш хамгийн олон хүн эзэн хаанд сайн сайхныг хүсэхээр ирсэн нь энэ болжээ. 

Холбоотой мэдээ