ТЦА энэ оны ажлаа дүгнэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬТээврийн салбарын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас улиран одож буй ондоо хийсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлыг өчигдөр зохион байгуулав.
Тайлангийн хуралд хүндэт зочдоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ийн дарга С.Амарсайхан, ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдаваа, ТЦА-ны дарга, хурандаа Д.Амарсайхан болон бусад зочид, албаны зөвлөлийн гишүүд нийт бие бүрэлдэхүүн оролцов.

Тайлангийн хурлыг нээж ТЦА-ны дарга, хурандаа Д.Амарсайхан хэлэхдээ, “Энэ онд ТЦА-ны хувьд амжилт бүтээлээр арвин байж, алба хаагчид ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн цол нэмж, төрийн дээд одон медаль, цагдаагийн байгууллагын болон бусад шагналаар шагнагдсан бахдам амжилтаар дүүрэн жил байв. Ирэх онд бид бүхэн агаарын тээвэр, төмөр зам болон автозамын тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг яам, агентлаг, гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг ханган тодорхой үр дүн, ахиц, дэвшил гарсан амжилт бүтээлээр дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Мөн хурлын үеэр албаныхаа үнэт зүйлс, эрхэм зорилгыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан хамт олон, алба хаагчдад шагнал гардуулав.