Мандалговь хотын аюулгүйн тойрогт гэрлэн дохио суурилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-26 11:10:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Мандалговь хотын аюулгүйн тойрогт гэрлэн дохио, босоо тэмдэгт суурилуулах ажил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж,  гүйцэтгэл нь 95 хувьтай байна.

Гэрлэн дохио, босоо тэмдэгт суурилуулах ажлын зураг төслийг  "Авто замын гэрлэн дохио" ХХК нь гаргаж, "Оптик энержи" ХХК 62,08 сая төгрөгөөр  гүйцэтгэж байгаа ажээ.

Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 12 сарын 24-ний өдрийн А/67 тоот тушаалаар байгуулагдсан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах 9 хүний бүрэлдэхүүтэй комисс дээрх ажлын гүйцэтгэлд хяналт хийж, үүрэг даалгавар өгч ажиллажээ.

Мандалговь хот гэрлэн дохиогүй цөөхөн аймгуудын нэг байсан. Харин 2018 онд ийнхүү хоёр уулзвар дээр гэрлэн дохиотой болж байна.

Наймдугаар сард Жаст-Ойл шатахуун түгээх станцын уулзварт гэрлэн дохио, босоо тэмдэг суурилуулах ажил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, тус ажлыг "Сүлжээт зам" ХХК 42,68 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байдаг.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бууруулахын тулд гэрлэн дохио чухал ач холбогдолтой юм.

Цагдаагийн хэлтсийн 2018 оны эхний 11 сарын мэдээгээр аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хэрэг буурсан үзүүлэлтэй байдаг.

Эхний 11 сарын байдлаар нийт 262 гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг ба түүний 6.1 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг эзэлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ