Спортын холбоодыг дэмжихэд зориулж 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-27 18:40:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Биеийн тамир спортын салбарын 2018 оны шилдгүүдэд болон тив дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медальт байранд шалгарсан, шинээр спортын өндөр цол зэрэг хүртсэн тамирчдад аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүллээ.
Энэ онд аймгийн Засаг даргаас спортын холбоодыг дэмжихэд зориулж 180 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж ард иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцөл боломжийг хангаж, Монгол Улсдаа хамгийн урт дугуйн зам, явган хүний замыг шинээр барьж ашиглалтад оруулснаа дээрх арга хэмжээний үеэр онцолж байлаа.

“Шилдгийн шилдэг” спортын холбоогоор Л.Цоггэрэл тэргүүнтэй нийтийн бүжгийнн холбоо, “Шилдгийн шилдэг” тамирчнаар А.Хүүхэндүү /хөнгөн атлетик/, Б.Халиун /шатар/, “Шилдгийн шилдэг” спортын салбарын ивээн тэтгэгчээр В.Мөнхбат захиралтай “Хүннүгийн говь” ХХК шалгарсан юм. Мөн “Шилдгийн шилдэг” дасгалжуулагчаар Даланзадгад сумын Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын 7-р сургуулийн Биеийн тамирын багш Б.Өлзийбат, “Шилдгийн шилдэг” баг тамирчдаар Б.Өлзийбат, Ч.Жаргал-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөр үеийн U14 насны сагсан бөмбөгийн баг тамирчид шалгарлаа.
2018 онд Өмнөговь аймгийн баг тамирчид тив дэлхий, олон улс, улсын аварга, Үндэсний спортын ҮI их наадмын шигшээ тэмцээнээс 161 алт, 200 мөнгө, 185 хүрэл нийт 546 медаль хүртэж, 12 тамирчин шинээр спортын мастер, дэд мастер цол авсан амжилт үзүүлсэн байна.

Холбоотой мэдээ