Тариаланчид даатгуулсан тохиолдолд гамшигт алдсан ургацаа нөхөн төлүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-10 13:02:03

Газар тариалан эрхлэгчдийн эрсдлийг бууруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компаниас Улаанбуудайн даатгалын үйлчилгээг бий болгож, энэ оноос хэрэгжүүлж эхлэх болжээ.

Уг үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хэрэгжүүлэх чиглэлээр тариалан эрхлэгчдийн саналыг авах зорилгоор өнөөдөр “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компани, ХХААЯ хамтран “Газар тариалангийн даатгалын зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулав.

Монгол Улс цаг уурын эрс тэс нөхцөлд байдаг тул тариаланчид ургацаа алдах магадлал өндөр байдаг. Өнгөрсөн онд ган болсны улмаас манай улс улаанбуудайн ургацынхаа 60 хувийг алдсан билээ. Энэ нь зөвхөн тариаланчид төдийгүй улсын эдийн засгийн байдалд хүндээр туссан. Харин энэ төрлийн эрсдлээс сэргийлж, тариаланчид хохирлоо бүрэн барагдуулж авах боломж бол даатгал гэдгийг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн Олон улсын зөвлөх Олена Сосенко хэллээ.

Тариаланчид улаанбуудайн ургацаа даатгуулснаар ган, мөндөр, цочир хүйтрэлт, гал түймэр, хүчтэй салхи, шороон шуурга болон үргэлжилсэн бороо, үер зэрэг байгалийн гамшгаас гадна мал идэх зэрэг эрсдэлд өртөж ургац алдсан тохиолд хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой юм.

Ургацаа даатгуулахдаа га талбайн ургацынхаа 6-11 хувьтай тэнцэх хэмжээний хураамж төлөх аж. Тариаланч дунджаар 1 га талбайгаас 1.5 тонн улаанбуудай авдаг байна. Засгийн газар 1 тонн Улаанбуудайг 550 мянган төгрөгөөр худалдан авдаг гэж тооцвол 500 га талбайгаас ургац авдаг тариаланч дунджаар 24.7 сая төгрөгөөр даатгуулах аж. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан ургацынхаа 50 хувиас илүүг алдсан тохиодолд 60 сая төгрөгийн нөхөн төлбөр авах юм хэмээн “Хөдөө аж ахуйн давхар даатгал” компанийн Гүйцэтгэх захирал Г.Энхтайван хэлэв.

Тэрбээр, “Дэлхий нийтэд улаанбуудайн даатгахдаа нийт ургацын 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний хураамж төлдөг. Тухайлбал, АНУ-ын тариаланчид 8 хувь, БНКазУ-ын тариаланчид 10 хувийн хураамж төлдөг. Манай Улсын хураамж ч олон улсын жишигт нийцэж байгаа.

Цаашдаа зөвхөн улаанбуудай бус төмс, хүнсний ногоог ч мөн даатгалд хамруулахаар төлөвлөж байна. Тун удахгүй даатгалын нарийн журмаа боловсруулж олон нийтэд хүргэх болно” хэмээв.

Тариалан эрхлэгчдийн зүгээс байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан учирсан хохирлоо нөхөн төлүүлэх боломж бий болж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, эрсдлээс өөрийгөө хамгаалахын тулд уг компанитай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ