Завхан аймаг 2018 онд хүнээ хөгжүүлсэн нутаг орон зорилтын хүрээнд багагүй ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-14 20:12:54

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн ЗДТГ-аас аймгийн Засаг даргын 2018 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Энэ үеэр Завхан аймаг 2018 онд Хүнээ хөгжүүлсэн нутаг орон хөгждөг хэмээн аймгийн Засаг даргын санаачилгаар Завханчуудынхаа оюунлаг сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийнхөө амьдралыг аваад явах чадвартай хөдөлмөрч иргэдийг төлөвшүүлэх, эрүүл нийгмийг цогцлоон бүтээх зорилгоор “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр боловсруулан баталж, тус хөтөлбөрийн хүрээнд “Сайн багш”,“Сайн эмч”,“Сайн малчин”,“Сайн бизнесмен”,“Сайн оюутан” дэд хөтөлбөрүүдийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж буй талаарх мэдээллийг өглөө. Сайн багш дэд хөтөлбөр нь өндөр мэдлэг, ур чадвартай, сайн туршлагаас суралцаж ямагт түгээн дэлгэрүүлдэг,  ажлын байран дээрээ тасралтгүй хөгждөг, манлайлан үлгэрлэдэг, хүүхдийг хайрлаж хүндэлдэг, ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг, хариуцлагатай багшийг төлөвшүүлэх замаар хүүхдийн хөгжлийг хангах зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.  

Ерөнхий боловсролын сургуулийн багш нар чадавхжив

Завхан аймаг ирээдүйд нутаг орныхоо хөгжлийг тодорхойлох шилдэг боловсон хүчин бэлтгэхэд багш нар мэдлэг, ур чадвар сайтай байхаас гадна хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Тиймээс Завхан аймаг ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх багш нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сурагчдынхаа сурлагын амжилтыг ахиулахад онцгойлон анхаарч "Сайн багш" хөтөлбөрийн хүрээнд "Багшийн сэтгэл хүүхдэд"  гурав дахь удаагийн багш, удирдах ажилтны сургалтыг Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгуулжээ. Сургалтад зүүн болон хойд бүсийн ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш, байрын багш, сургуулийн эмч, жолооч, тогооч зэрэг 428 ажилтан хамрагдаж, мэдлэг, харилцаа хандлага, ур чадвараа хөгжүүлсэн байна. 

Сургуулийн өмнөх боловсролын багш нараа чадавхжуулав

Сайн багш хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан, багш, ажилчдад зориулсан “Багшийн сэтгэл хүүхдэд” цогц үйл ажиллагааг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай хамтран Тосонцэнгэл суманд зохион байгуулжээ. Багш, ажилтны хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бага насны хүүхэдтэй ажиллах арга зүйг эзэмшүүлэх зорилготой энэхүү сургалтад сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй 600 гаруй ажилтан энэ арга хэмжээнд оролцсон байна. Тус үйл ажиллагаанд амжилттай оролцсон цэцэрлэгийн багш, туслах багш, тогооч нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр эзэлсэн ажилчдыг БНСУ-д, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багш нарыг Хөх хотод, дөрөв, тавдугаар байр эзэлсэн багш, тогооч нарыг Манжуур хотод аялуулж урамшуулжээ.  

Сургуулийн дотуур байрын тогооч нарын ур чадвар сайжирлаа

Ирээдүйд улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг жолоодох хүүхэд багачууд мэдлэг чадвартай, зөв иргэн болж төлөвшихөөс гадна эрүүл байх нь нэн чухал юм хэмээн аймгийн ЗДТГ-аас онцлов.

Иймд Сайн багш хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдаа чадавхжуулах сургалтын үеэр цэцэрлэгийн тогооч нарт зориулсан сургалт зохион байгуулж, ур чадварын уралдаан зарласан ажээ. Мөн Японы ядуурлыг бууруулах сангийн “Баруун бүсийн бага ангийн сурагчдын дотуур байрны нөхцөлийг сайжруулах” төсөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын тогооч нарын мэргэжлийг дээшлүүлэх “Зохистой хооллолт ба хүүхдийн эрүүл мэнд, Чадамжид суурилсан тогоочийн мэргэжил дээшлүүлэх” сургалтыг амжилттай зохион байгуулж 130 гаруй хүн оролцжээ.

Шилдэг багш нарынхаа амжилтыг урамшуулж байна

Сайн багшаас сайн шавь төрдөг. Сайн шавь ирээдүйд эх орон, төрөлх нутгийнхаа хөгжлийг түүчээлэх шилдэг боловсон хүчин болно.

Тиймээс Завхан аймаг багш нараа чадваржуулах, бэлтгэсэн сурагчдынх нь амжилтаар багшийн амжилтыг бодитоор үнэлж, урамшуулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байна хэмээн мэдээлэв. Тухайлбал, улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчийн бэлтгэсэн багшийг 10 сая төгрөгөөр, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийн багшийг 800 мянган төгрөгөөр урамшуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс өнгөрсөн хавар элсэлтийн ерөнхий шалгалтад шавь нар нь 800 оноо авсан “Чандмань-Эрдэнэ” лаборатори сургуулийн математикийн боловсролын багш Б.Нямдаваа, Б.Наран-Эрдэнэ нарыг тус бүр 800 мянган төгрөгөөр шагнаж урамшуулжээ. Мөн улс, бүсийн чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон шилдэг багш нарыг шагнаж урамшууллаа. Тухайлбал, "Эх хэлний их сорилго" олимпиадад шагналт байр эзэлсэн Дэвшил сургуулийн багш Ч.Уранчимэг, Завхан аймагт 1111 харваач бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Үндэсний сурын харвааны хүндэт мэргэн Санжаасүрэн нарыг тус бүр нэг сая төгрөгөөр шагнав. “Сайн багш” хөтөлбөрийн хүрээнд “Сумын сайн багш” болзол гаргасны дагуу 2017-2018 оны хичээлийн жилд бэлтгэсэн сурагчдынх нь гаргасан амжилт, сурлагын түвшний өсөлт зэрэг үзүүлэлтээр 24 сумын шилдэг 24 багшийг шалгаруулж тус бүр нэг сая төгрөгийн үнэ бүхий хонин сүргээр шагнаж урамшуулжээ. Сумын сайн багш нарын шагналд 24 багшид 480 халзан цагаан хонь гардуулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.  

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэв

Завхан аймгийн Баянтэс сумын “Хачиг”, “Буга согоот” хилийн заставт  цэцэрлэгийн хоёр бүлэг шинээр нээн ажиллуулжээ.

Ингэснээр хилийн застав дээр ажиллаж буй хилчдийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтанд бүрэн хамруулаад байгаа ажээ. Мөн сумдад зуны нүүдлийн 25 гэр цэцэрлэгт 484 хүүхэд хамруулсан байна. Улиастай сумын Богдын гол багт 2-р цэцэрлэгийн харьяа хоёр бүлэг, Жинст багт 1-р цэцэрлэгийн харьяа хоёр бүлгийг тус тус нэмж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтанд хамруулсан байна.

16 дахь удаагийн “Оюуны наадам” боллоо

Завхан аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюуны наадам”-ыг IV-XII ангийн сурагч, математикийн багш, математикаас бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүд гэсэн ангиллын хүрээнд хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.

Энэхүү наадам нь хүүхдүүдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх урамшуулах, эдгээр хүүхдүүдэд математикийн хичээлийг сонгон суралцуулах боломжийг олгож буй эцэг эхчүүд, бгш нарыг урамшуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгтой ажээ. Энэхүү наадам 2018 онд 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж Завхан, Увс  аймгийн 3757 суралцагч, багш, эцэг эхчүүд оролцож шилдгүүдээ тодруулжээ. Тус наадам улсын хэмжээнд чанартай, чансаатай болдог төдийгүй оролцогчдод өндөр мөнгөн шагналыг олгож тэдэнд урам өгдөг хүсэн хүлээдэг томоохон наадам юм.  

Холбоотой мэдээ