ЦДБЧ-ын дуучин Ч.Бадрал дэлхийн шилдэг 19 дуучинтай өрсөлдөхөөр тунан үлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-03 18:13:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн дуурийн дуучин Кардифф-2019" уралдааны урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шат Английн Лондон хотноо болж, Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Чулуунбаатарын Бадрал шилдэг дуучдын дунд тунан үлдсэн байна. Ч.Бадрал "Дуу романс", "Дуурийн ари" төрөлд дэлхийн 400 гаруй дуучнаас шилэгдэн шигшээ 19 дуучны тоонд багтжээ. Тэрбээр тунасан 19 дуучинтай ирэх  зургадугаар сарын 17-22-ны өдрүүдэд Уэлсийн Кардифф хотноо хоолойн чадлаа сорихоор болсон байна. Хоёр жил  тутамд зохиогддог BBC Cardiff Singer of the World буюу "Дэлхийн дуурийн дуучин Кардифф" уралдаанд өмнө нь Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин 2015 онд оролцон сопрано хоолойт агуу дуучин Сазерлендын нэрэмжит тусгай шагналын эзэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар 2017 онд оролцон шилдэг таван дуучны нэгээр шалгарч, дууны төрөлд тэргүүн байр эзэлж байсан юм. Тус уралдааны тэргүүн байрын шагнал 20 мянган паунд стерлинг буюу 67 сая төгрөг юм. 

Холбоотой мэдээ