Зургаан мянга гаруй өрхөд нүүрс үнэгүй өгч байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-01-04 10:56:59

Дорнод /МОНЦАМЭ/. “Гэр дулаан бол сэтгэл дулаан аян”-ыг энэ өдрүүдэд Дорнод аймгийн хэмжээнд өрнүүлж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын дэмжлэгээр тус аймгийн төв болон сумдын 6 мянга гаруй өрхөд нүүрс хүргэж байгаа юм.

Тодруулбал, аймгийн ХХҮГ-ын Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрх толгойлсон эцэг эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудыг түлхүү хамруулж, хоёр тн нүүрсийг үнэ төлбөргүй түгээж байгаа аж. Хүйтний улиралд иргэдээс ХХҮГ-т түлээ нүүрсний дэмжлэг хүссэн өргөдөл, санал тасардаггүй. Тиймээс энэ жил зорилтот бүлгийн иргэдийн санал хүсэлтийг ийн шийдвэрлэсэн нь нүдээ олсон ажил байсан учир иргэдээс талархал хүлээж байгаа гэж тус газрын мэргэжилтэн Г.Тогооч ярив.

Хэрвээ нэг хаяг дор зорилтот бүлгийн нэгээс дээш гишүүн хамт амьдардаг бол тухайн гэр бүлд нэг эрхийн бичиг олгохоос гадна иргэн өөрийн биеэр болон төлөөллөөрөө дамжуулан эрхийн бичиг, иргэний үнэмлэхтэйгээ “Дорнод МАК” нүүрсний уурхайгаас өөрсдийн унаагаар очиж авах юм. Ачилтыг “Дорнод МАК” нүүрсний уурхай гүйцэтгэж хяналт тавьж байна гэж мэдээллээ.  

Холбоотой мэдээ