“Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 3 шатыг хэрэгжүүлж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-01-03 16:26:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн 3 шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санамж бичигт нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм.


Төслийн 3 дугаар шатанд шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм.

Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах болон өмнөх төслөөр хийсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах, шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ